Ч.Өнөржаргал: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогчийг санхүүгийн хувьд “ачаа үүрүүлсэн” шинжтэй зохицуулалтууд их орсон

Admin | 2022-01-02


Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн гол шинэчлэл, анхаарах заалтуудын талаар Монголын хуульчдын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн эрхзүйн хорооны дэд хорооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга он гараад хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн найруулгад орсон гол зарчмын өөрчлөлт юу байв?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 13 бүлэг, 166 заалтаас бүрдсэн буюу хуучин хуулийн 50 хувиас дээш хувьд нь өөрчлөлт орсон тул Хууль тогтоомжийн тухай хуулиараа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга  гэж үздэг. Тэгэхээр хуулийг нэрлэсэн байдлаас хир хэмжээнд өөрчлөлт орсон нь тодорхой харагдах байх.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, бэлгийн болон бусад дарамт, хүчирхийллийг хориглох зэрэг зармчуудыг тусгасан нь хүний эрхийн талаасаа сайн зохицуулалт болсон. Гэвч эдийн засгийн талаасаа ковидын нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг хумигдсан үед үйлчлэл эхэлснээрээ ААН, бизнес эрхлэгч нарыг санхүүгийн тооцоолоогүй эрсдэлд оруулах магадлал өндөр байгаа. Ялангуяа уул уурхай зэрэг уртын ээлжээр үйл ажиллагаа явуулах ААН-д хүний нөөцийн дутагдал үүсэх, санхүүгийн нэмэлт зардлууд гарах зэргээр зохих хүндрэлүүд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах үе шатанд мэдрэгдээд эхэлсэн л дээ.

-Шинэчилсэн найруулгаар хөдөлмөр эрхлэгчдийн хувьд эрхзүйн орчин хэрхэн дээшилсэн бэ. Тухайлбал, ажиллах цаг, авах цалин зэрэг...?

-Дээр хэлсэн, Хүний эрхийн талаасаа хуульд сайн зохицуулалтууд орсон. Ажилтны хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллах цагт өөрчлөлт ороогүй. Харин цалин хөлс тооцох аргачлалд зохих өөрчлөлт орсон. Харин уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын цаг багассан, цалин нь ажлын цаг багассантай холбоотойгоор буурсан. Гэвч тухайн байгууллагын хувьд ажилтны ажлын цаг багассантай холбоотойгоор нэмэлт нэг ээлж нэмэгдүүлж байгаа тул цалингийн зардал шууд өсч байгаа юм.

-Та сая АНН-үүдэд зарим асуудал тулгараад ирсэн гэж байсан. Ажил олгогчидтой холбоотой шинэ заалт, хэсгүүдийг тодруулахгүй юу?

-Эхлээд ерөнхий хэдэн асуудлыг хэлмээр байна. Мэдээж шинэ хуулийг хэрэгжүүлээд явахад эерэг, сөрөг үр дагаврууд гарах нь ойлгомжтой. Хууль тогтоогчид Хөдөлмөрийн харилцаанд талуудын зохистой тэнцвэр бий болсон гэж тайлбарлах боловч хөрсөн дээрээ арай өөр байна л даа. Шууд хэлэхэд ажил олгогчийг санхүүгийн хувьд “ачаа үүрүүлсэн” шинжтэй зохицуулалтууд их орсон. Ажил олгогчидын төлсөн татвар дээр бидний ажил амьдрал тогтож байгааг ЗГ, УИХ бодитой харж, ААН-үүдээ дэмжих бодлого яаралтай авах хэрэгтэй. ААН, мэргэжлийн холбоодууд дуу хоолойгоо хүргээсэй гэж харж байгаа.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талууд буюу ажил олгогч, ажилтан, төр гээд бүгд л “хожих”, үр ашгаа хуваалцах талбар. Харин талуудыг талцуулаад байгаа өнгө аястай байх нь утгагүй. Талуудад хэн алинд хуулиар хэт давуу байдал олгохгүй, бас хуулиар эрхийг нь хязгаарлахгүй л байх нь хууль тогтоогчийн үүрэг л дээ. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч манлайлан ажиллах, хуулийн хэрэгжилтийг бодит болгох үүрэг нь ажил олгогчид илүү хамааралтай. Тэгэхээр шинэ хуулийн хэрэгжилтийн хувьд ажил олгогч шинээр орсон зарчмын болон бусад өөрчлөлтүүдийг байгууллагын дотоод хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээрээ зохицуулаад явахаас өөр арга байхгүй.

Дээр хэлсэнчлэн, ажил олгогчид хуулийг хэрэгжүүлэх үүрэг ажил олгогчид хамааралтай учир ажил олгогчид хуулийн зохицуулалт бүр л хамааралтай гэж ойлгож болно.

-Иргэд төдийлөн хуулин мэдлэг дутмагаас болж цалин хөлсгүй хохирч үлдэх явдал их гардаг шүү дээ. Үүнийг шинэчилсэн хуулинд хэрхэн тусгасан бол?

-Сүүлийн үед иргэд 1999 оны хуулийг муу хууль байснаас ажилтан эрхээ хамгаалж чаддаггүй байсан юм шиг буруу ойлголттой яваад байна уу гэж ойлгогдох боллоо. Зөрчлийн тухай хуулиар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны эрхийг зөрчсөн тохиодолд ажил олгогч зөрчлөө арилгахаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт байж л байсан. Одоо ч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд зохих өөрчлөлт ороод явах нь тодорхой. Үүнээс харахад ажилтан эрх зөрчигдсөн тохиолдолд хугацаа алдахгүйгээр хуульч, өмгөөлөгч нараас зөвлөгөө авах, шаардлагатай гэж үзвэл нэн даруй Хөдөлмөрийн улсын байцаагчид эрх зөрчигдсөн нөхцөл байдлаа мэдэгдэх зэргээр эрхээ хамгаалах боломжуудаа мэдэхгүйгээс эсхүл хугацаа алдсанаас хохирох тохиолдол үүсч болохыг үгүйсгэхгүй юм. 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга аль алины хувьд ажилтанд ээлтэй зохицуулалт ихтэй хууль шүү дээ.

-Манайд ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг. Нөгөө талдаа ажил хийх хүн олдохгүй байна гэдэг. Энэ байдлыг хуулиар хэрхэн зохицуулж болох вэ?

-Халамжийн бодлогын хэт хавтгайрал хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар удирдахад шууд саад болж байна шүү дээ. Уртын ээлжээр ажилладаг байгууллагууд хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор ажлын байр нэмэгдүүлсэн. Бүгд л хүний нөөцийн хомсдолтой нүүр тулж л байна. ажилгүйдэл гэдэг бол нийгмийн өргөн хүрээний асуудал. Нэг асуудал шийдвэрлэснээр алга болох зүйл биш. Ядаж эхний ээлжинд халамжийн бодлого цэгцлэхгүй бол хөдөлмөрт хандах хандлагад сөрөг нөлөө үзүүлсээр байх болно.

-Хуулийг хэрэгжихээс өмнө болон хэрэгжүүлэх шатанд хууль сурталчлах ажлыг хүртээмжтэй зохион байгуулж чадаж байгаа болов уу?

-УИХ, ЗГ-ийн үндсэн үүрэгт хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад хуулийг нэг мөр ойлгох ажлыг зохион байгуулах ордог. ХНХЯам, Монголын үйлдвэрчний эвлэл хамтран аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулах сургалтуудыг хийснийг энд мэдэж байгаагийн хувьд дурьдая. Миний хувьд харахад тэд бололцооныхоо хирээр хууль сурталчлах ажлыг хийж байгаа гэж харж байгаа. Хувийн хэвшлийн том болон дундаж аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын хэрэглэх, хэрэгжүүлэх чиглэлийн сургалтыг хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмүүдээс аваад хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад яваад байгаа. Харин старт апп, цөөн ажилтнуудтай аж ахуйн нэгжүүд төдийлөн сургалтад авах нь сул байх шиг анзаарагдаж байна. Бүгд л хөдөлмөрийн харилцаанд ямар нэг байдлаар оролцож байгаа бол тул ажил олгогч төдийгүй сонирхсон хүн бүр сургалтанд хамрагдах эрэлт хэрэгцээ байгаа л даа. Тиймээс бид энэ сард турш дээрх эрэлт хэрэгцээнд тулгуурлан үнийн хувьд боломжийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалттай холбоотой мэдээллийг фэйсбүүкийн “ӨМГӨӨЛӨГЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ” гэсэн фейжээс мэдээлэл авч болно.

                                                                                                                Д. Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)