Н.УЧРАЛ: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Admin | 2022-11-22


УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг танилцууллаа.

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 17 дүрэм, журам, аргачлал батлуулахаас өнөөдрийн байдлаар 13 баримт бичиг батлагдаж, 3 баримт бичиг боловсруулалтын шатанд, 1 журам судалгааны шатанд явж байна. Батлагдсан журмын дагуу дараах ажлууд хийгдэж байна. Үүнд 59 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг opendata.gov.mn-д байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 байгууллагын 455 нээлттэй өгөгдлийг байршуулаад байна.

Иргэний мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилгоор мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх нь зүйтэй гэж 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар зохицууллаа.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журмын төсөл болон Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгааг боловсруулж, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллагаас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313,384 иргэнд, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас нийт 82,242 хуулийн этгээдэд, “Үндэсний дата төв” УТҮГ-аас 14,288 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.

Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)