Түгжрэлд бухимдсан иргэд "Сүхбаатар аа, чи муу..." гэж чичлэх ганц сайдтай болсон нь бага ч болтугай тайвшрал юм даа

Admin | 2022-11-23


   МҮОНРТ-ийн “Нээлттэй хором” нэвтрүүлэгт Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Том оврын автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн А.Ганхуяг тэргүүтэй холбогдох албаныхан болон иргэд оролцохыг харлаа. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Нийслэлд төвлөрч байгаа 420 тэрбум төгрөгийн 80 тэрбум төгрөг нь автобусны урьдчилгаанд тусгагдсан.

Одоогоор энэ мөнгө шууд зарцуулагдчихаагүй байна. Цөөн тооны эхний автобуснууд ороод ирсэн. Үлдсэн 200 гаруй автобусыг оруулж ирэх асуудал тодорхой хүндрэл бэрхшээлтэй, хүлээгдэж байна. 2009 онд БНСУ-аас авсан “Daewoo” автобус өнөөдөр 13 дахь жилдээ явж байна. Төсвийн төслийг хэлэлцэх үед автобус авахад зориулж 318 тэрбум төгрөг тавьсан. Хэлэлцэх явцад хасагдаж 272 тэрбум төгрөгийн төсвийг УИХ баталж өгсөн. Нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед энэ бол боломжийн хэмжээний төсөв. Нийтийн тээвэрт хэд хэдэн багц асуудал байна. Хамгийн чухал асуудал нь парк шинэчлэл. Дараагаар нь төлбөрийн системийн асуудлууд, жолооч болон зогсоолтой холбоотой асуудлууд орж байгаа юм. 2023 онд автобусны парк шинэчлэлийг хийнэ.

Тиймээс 2023 он бол нийтийн тээвэрт эргэлт гаргах, стандартыг мөрдүүлэх жил болно. Үүнээс гадна төлбөрийн систем маш чухал. Найман жилийн өмнө нийтийн тээврийн төлбөр 500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсчихөөд байгаа билээ. Төлбөрийг хөдөлгөлөө гэж бодоход дамжин суух чиглэлийг үнэгүй болгож болно зэргээр асуудлууд яригдах байх. Нийтийн тээвэр дулаахан, аюулгүй, найдвартай байх ёстой. Судалгаагаар 94 хувь нь автобусанд сэтгэл ханамжгүй байна гэж гарсан. Бидний хүсч байгаа автобусаар хангачихвал 75 хувь нь зорчино гэж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт яах аргагүй түргэний машин түгжрэлд гацчихсан байсан. Гэтэл манайд “амьсгаа авах коридор” байхгүй. Хэдийгээр түгжрэл хүнд байгаа ч гэсэн яаралтай тусламжийн машинуудаа явуулж байх ёстой. Зургаан эгнээ замыг нэгдүгээр эгнээг дандаа чөлөөтэй явуулдаг байлгана. Харин дөрвөн эгнээ замын нэгдүгээр эгнээг түгжрэлийн оргил цагаар чөлөөлж зөвхөн нийтийн тээвэр явдаг болгоно. Энэ чиглэлд холбогдох албаныхан хүчээ гаргаж ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн маршрут чиглэлийн нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлын нэг болсон” гэв. Тэгвэл Том оврын автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн А.Ганхуяг “Нийтийн тээврийн бодлогыг ерөөсөө гаргаагүйгээс болж асуудлууд бугширч явсаар өнөөдөр иргэдийн бухимдал дээр аваачиж байна. 2009 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар нийтийн тээврийн асуудлын 50 хувийг шийдэхээр 400 автобус оруулж ирсэн. Тухайн үед иргэд ч шинэ автобус хүсч байсан. Тэдгээр шинэ автобус орж ирснээр 15 км/ц хурдтай байсан нийтийн тээвэр 31 км/ц хурдтай болж иргэддээ шуурхай үйлчилж эхэлсэн.

Үүнд нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэр явдаг байх журам мөн нөлөөлсөн. Ингээд бараг явган хүний хурдтай байсан түгжрэл гайгүй болсон. Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн урсгал 21 хувиар нэмэгдсэн. Нэг автобусыг 14 жил явуулдаг улс Монголоос өөр хаана ч байхгүй. Мянган элэгдэлдорчихсонавтобусаар зорчиж байгаа иргэд сайхан үг надад л лав хэлэхгүй. Оператор компаниудынзүгээс төр засагт хандаж “Та бүхэн парк шинэчлэл хийхдээ ямар автобус нь Монголд тохирох юм бэ. Ямар нь тохирохгүй вэ гэдгийг хувийн хэвшлийн оператор компаниудаасаа бүгдийг нь асууж байгаач ээ гэж хүсмээр байгаа юм. Саяхан Хятадаас оруулж ирсэн автобуснууд хангалтгүй санагдсан. Чанаргүй автобуснууд оруулж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ.

Бид оператор компани. Бид бол шууд иргэдтэй харьцаж байгаа хүмүүс. Тэгэхээр тэр автобуснууд дулаахан, цантдаггүй байх ёстой. Сэтгэл ханамжийн баталгаа өгмөөр байна. Биднээс асуухгүйгээр худалдан авалт хийгээд байгаа нь том хардалтыг төрүүлж байгаа. Нийтийн тээвэр гаралтандаа 10-аад хувийн тасалдалтай гарч байгаа. Жолооч нь хүрэлцэхгүй. Жолоочийн цалинг 1 сая 200 мянган төгрөгөөс 1 сая 500 мянган төгрөг болгож нэмсэн.

Өнөөдөр манай салбар ажиллах хүчний хомсдолтой байгаа учраас жолооч нартаа хариуцлага тооцож чаддаггүй. Өглөө бүр шуурхай хийдэг. Хурлаар алдаа гаргасан жолоочтой хариуцлага ярихаар ажлаа хаяад гарчихдаг. Оронд нь ажиллах жолооч байдаггүй. Нийтийн тээвэр хамгийн доод түвшнийхээ цикль дээрээ ирчихээд байна. Том аврын автобус нэг цагт ажиллахад 51 мянган төгрөгийн зардал гаргана гэдэг. Тэр дотор ашиг юу ч байхгүй. Жолоочийн цалинд 1100, шатахуунд 17000, нийгмийн даатгал зэргээр зардалдаа явчихдаг. Үүнийг шийдэж чадаагүй шалтгаан нь цэвэр улс төр байсан. Алдагдлаа нөхөж чадахгүй сууж байна” хэмээн ярив. Энэ мэтээр Хот хариуцсан сайд нь, мэргэжлийн холбооны удирдлага нь дуугарч, тэр байтугай Төрийн гурван өндөрлөг тусгай хуулиар замын хөдөлгөөнд зорчдог явдлыг эргэн харъя гэсэн нь өчигдөр нийгэмд шуугиан боллоо.

Эндээс харахад эрхбиш Түгжрэл хариуцсан сайдтай болсон нь зөв болжээ. Түгжрэлд олон жил машин дотроо бухимдаж яваа иргэд "Түгжрэл хариуцсан Ж.Сүхбаатар аа, чи муу ажлаа хий л дээ" гэж чичилж байх сайдтай болсон нь ядарсан нийслэлчүүдэд бага ч болтугай тайвшрал, түгжрэл буурах байх гэсэн жижиг ч болтугай гэрэл гэгээ юм даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)