ТОЙМЧИЙН ҮГ: Австраличууд баярлаж, монголчууд амаа барьж сууна

Admin | 2023-05-09


Манай өмнөд хөрш БНХАУ бол дэлхий дээрх нүүрсний хамгийн том хэрэглэгч төдийгүй олборлогч.  Тус улсын нийт хэрэгцээт цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг.  Энэ онд Хятадын нүүрсний олборлолт 4 тэрбум 450 сая тонн болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа. Тийм их хэмжээний нүүрс олборлодог мөртлөө БНХАУ нь хэд хэдэн орноос нүүрс импортолдог аж. Олборлолтоо 10-хан хувь нэмэгдүүлэхэд л импортоос огт хамаарахгүй байх бүрэн боломжтой атал Австрали, Индонез, Орос, Монголоос нүүрс авдаг. Манай улс Хятад руу нүүрс экспортолдог гол тоглогчдын нэг.

Австралийн эрх баригчид коронавирусийн уг гарлыг судлах олон улсын шалгалт явуулахыг уриалсны дараа хоёр улсын харилцаа муудаж, 2020 оны сүүлээс эхлэн нүүрсний худалдаа бүрэн зогссон. Хоёр улсын хооронд дипломат зөрчилдөөн үүсэхээс өмнө Хятад улс Австралиас жилд 30 сая тонн коксжих нүүрс, 50 сая орчим тонн эрчим хүчний нүүрс худалдан авч байжээ. Австралийн нүүрс бол дэлхий дээрх хамгийн сайн чанарын нүүрс. Нөгөө талаас, Австралиас Хятадын зүүн өмнөд эрэг хүртэлх далайн зам бол хамгийн богино зам. Гэтэл Хятадын хойд нутагт олборлосон нүүрсийг өмнөд рүү тээвэрлэхэд бэрхшээлтэй, өртөг өндөртэй байдаг аж. Тиймээс БНХАУ-ын зүүн өмнөд хэсэг Австралиас нүүрс импортлох нь ашигтай.

Хоёр жил орчим үргэлжилсэн Австрали-Хятадын дипломат маргаан өндөрлөж, худалдааны эргэлт нэмэгдэж эхэлсэн. Энэ оны эхээр Австралийн уурхайнуудаас Хятадын төрийн өмчит компаниуд эрчим хүчний зориулалттай нүүрс захиалж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв. Австрали-Хятадын харилцаа хэвийн үед сард 2-3 сая тонн нүүрс нийлүүлдэг байсан. Австралийн сайн чанарын коксжих нүүрсийг орлуулах түүхий эд олоход Хятадын гангийн үйлдвэрүүдэд хүндрэл гарч буй тухай салбарын мэргэжилтнүүд өмнө нь мэдээлж байжээ.

Нүүрсний салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс Австралийн нүүрсийг дахин худалдан авч эхэлсэн нь гангийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг коксжих нүүрсний зах зээлд илүүтэй нөлөөлөх ажээ. Ерөнхийдөө дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувь нь Хятад улсад явагдаж байна. Нэгэнт Индонез, Орос, Монгол гурвын нийлүүлж буй нүүрсний хэмжээ нийлүүлэлтийн цоорхойг нөхөж чадахгүй байгаа төдийгүй чанарын хувьд Австралийн нүүрсийг гүйцэхгүй тул хоёр жилийн дараа Хятадын тал Австралиас нүүрс худалдан авахаар шийдвэрлэлээ. Индонез улс жилдээ 600 сая гаруй тонн нүүрс олборлодог боловч ихэнх нь эрчим хүчний нүүрс тул коксжих нүүрсний салбарт Орос ба Монголын өрсөлдөгч биш. ОХУ өнгөрсөн онд БНХАУ руу 59.5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 11.2 хувиар өссөн үзүүлэлт аж.    

Австраличууд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд түүхэн дээд рекорд хэмжээний нүүрсийг Хятад руу экспортолсон байна. Нүүрсээ буулгахаар хүлээж буй Австралийн хөлөг онгоцууд БНХАУ-ын боомтуудаар дүүрсэн гэнэ. Нөгөө талаар монголчууд нүүрсээ хөрөнгийн биржээр худалдах шийдвэр гаргасан. Харамсалтай нь манай Хөрөнгийн биржийн арилжаанд Хятадын ихэнх компаниуд оролцохгүй байгаа аж. Тийм учраас Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж байгаа нүүрсний хэмжээ бага гэсэн үг.

Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг экспортын гол түүхий эд болох Хятад руу нийлүүлдэг нүүрсний хэмжээ буурч болзошгүй. Ийнхүү хоёр жилийн дараа Хятад руу нийлүүлэх нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн австраличууд баярлаж, хажууханд байгаа мөртлөө нийлүүлэлтээ нэмэгдүүлж чадахгүй байгаа монголчууд амаа барьж сууна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)