Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ: Монголын Төр таны эрхэлдэг орон гэр, бүждэг PUB биш!

Admin | 2023-06-16


Эрхэм сайд Х.Булгантуяа танаа!

Х. Булгантуяа арваад жилийн өмнөөс л гэнэт гарч ирсэн. Угаасаа хүний нөөц, имиж, бодлого бүх юмаар уйтгар төрүүлэх болсон энэ намд шинэ, эрч хүчтэй, эрдэм боловсролтой, залуухан бүсгүй орж ирэхэд дотроосоо ч гаднаасаа ч бүгд дэмжсэн. Юу үнэн, энэ үнэн.

Тэр цагаас хойш МАН-ын засаглалын 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос хойш УИХ- ын гишүүн хийж албан тушаалын карьер нь бадрангуй өсөлттэй үргэлжилсэн.

Энэ хэрээр маш их итгэл найдвар ч түүнийг бүчсэн.

Ордны ардын цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж буй залуу улстөрч эмэгтэйн зураг цацагдаж, пиар нь ч ямар нэгэн хүч тавих шаардлагагүй урссан даа. Энэ гэхдээ гоё байсан.

Огт өөр дүр гарч ирлээ. Ашгүй дээ. Одоо л ондоо манлайлал үзүүлнэ дээ гэж хараа бэлчээн суусан.

Гэвч тэр хангалтгүй байлаа. 10 жил харлаа.

Нэг хэвэнд цутгачихсан гэмээр сул, ямар ч манлайлалгүй, намын хэдэн эрчүүддээ эрхэлж өгссөн , цаадуулынхаа наана цаана гарч явж татуулж чирүүлсэн замналтай, нийгмийн халамж, жендер төдий сэдвүүд дээр л торгон дээлтэй гарч ирж өрөвдөлтэй юм ярьдаг нөгөө л хэдээсээ эрс ЯЛГАРНА гэсэн бидний горьдлого талаар болов.

Гунигтай байна, Сайд аа.

Хөгжлийн банкны тонуулын хэргээс авахуулаад улсын маань хөгжлийн тээг болж буй системийг солих, гарсан алдаа завхралтай тэмцэх том давалгаан дотор тэр чимээгүй хяран суулаа. Та ийм шударга бусын хонгилын өмнө “дуу хоолой” байж чадсангүй.

Үнэхээр эрс шинэчлэл зарлаж, итгэл дагуулан өрнөсөн энэ том үйл явцын дотор та хэн ч биш байлаа.

Та боломжоо системд хулгайлуулсан үеийнхнээ өмнө дэндүү ичмээр ДҮР байлаа. Тиймээс тэдний өмнө, намынхаа эмэгтэйчүүдийн өмнө гарч зогсох эрхээ одоо хураалга.

Гомдмоор байна, Сайд аа.

Та “хулгайчууд” -тай хамт хариуцлага хүлээх ДҮР гэдгээ нотолж байна. Бидэнд ёс суртахуун сануулах, эрхэлж тунирхах эрх танд одоо байхгүй.

“Намайг өндөр боловсролтой болохоор атаархаж байна. Намайг хятадаар сайн ярьдаг учраас жөтөөрхөж байна. Намайг зориуд харлуулж байна “ гэсэн таны өчигдрийн твиттер хуудсаараа дамжуулан нийгэм рүү гаргаж шидсэн жиргээ харин ч өөрийг чинь таньж ядан байсан олон түмний өмнө УИХ-ын гишүүн, төрийн сайд, залуу Ерөнхий сайдын багийн гишүүн гэх сүртэй зүүсгэлүүдийн цаад талд нуугдсан доторх жижигхэн ХҮН- ийг олон түмэнд илчлэн харуулж өглөө.

Гайхширч байна, Сайд аа.

Улстөрч хүн сонгогчиддоо ингэж томордоггүй юм. Сонгогчдоо ингэж доромжилдоггүй юм. Улстөрч хүнд нийгмийг хардах, зандрах, туних, ихэрхэх, хэгжүүрхэх эрх гэж байдаггүй юм. Хажууд тань хамт хэлэлцүүлэгт орсон гишүүдийн өмнөөс ичлээ. Үнэхээр болоогүй юм байна.

Таны улстөрчийн зиндаа гэж юу ч байхгүй. Уучлаарай. Таны сонгогчиддоо томрох , мөн тодрох гэж  урдаа барьдаг диплом чинь тэр зиндааг тодорхойлохгүй.

Таны түвшний охид манай хотын гудамжаар дүүрэн алхалж байна. Салбар болгонд хүчирхэг залуус хэдэн зуугаараа байна.

Та ичих хэрэгтэй. Монголын Төр таны эрхэлдэг орон гэр, бүждэг pub биш.

Ер нь гарцаагүй алдаа, гэмт үйлдэл, адгийн байдлаа илчлэгдээд ирэхээр “ Миний эсрэг асар том машин хөдөлж эхэлсэн, миний өрсөлдөгчид намайг харлуулах гэж маш их мөнгө цацаж байна” гэж хашгирдаг технологи одоо явахгүй болсон шүү. Хамгийн ичгүүргүй, хамгийн улаан цайм хүмүүс л ингэж орилдог.

Үнэхээр найдалтгүй л хүн байж дээ гэж танд харамсав.

Х.Булгантуяа сайдын цагаан захтнуудын хулгайн хэрэг дээр илэрхийлсэн байр суурийг хараад…

Бүтэн ярилцлагыг нь үз, ерөнхий агуулга нь бол зөв ярьсан, мушгилаа энэ тэр гэж өмгөөлөх бол бүр биш шүү. Ийм хэрэг дээр тийм зарчим байж болохгүй. Болдоггүй юм.

Нүүрсний сонсголоо хийе? Яагаад явахгүй байгаа юм бэ ? …гэсэн тов тодорхой асуулт шаардлагын ар дээр хариу болгож унагасан үгс нь баримт шүү.  Байр суурь шүү. Түүнээс ерөнхий нийгмийн ёс суртахуун хөндсөн сэдэв дээр зөвхөн тэр агуулгын хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг доторх  яриа биш.

Ямар сэдэв дээр амнаас нь өнхөрсөн үг юм бэ !!!

Ахиад үз. Дахиад сонс.

Хэн түүнд атаархаад байгаа юм. Монголын нийгэм юм уу. Монголын сэтгүүл зүй юм уу. Намын хамт олон нь юм уу.

Битгий ингэж улам уна. Та намын даргынхаа зарласан бодлого, хийж байгаа тэмцлийн эсрэг байр суурь илэрхийллээ. Зарчмын зөрүү гэж харж байна.

Тиймээс та одоо МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаас өөрийн хүсэлтээр буу.

Нэг алхам ухарч сур. Уучлал гуй.

Харамсалтай байна, Сайд аа.

Цаашилбал өнгөрсөн гурван аравны балчиг намагтай ноцолдож, системийн гажуудлыг өөрчлөх гэж чардайн зүтгэж буй багт байх ёс суртахууны эрхтэй эсэхээ эргэцүүлнэ үү.

Ний нуугүй хэлчихэд Намын дарга

Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор нягтарч байгаа, түүний өөрийнх нь томъёолсноор үеийн шинэчлэл тээгч залуусын эгнээнээс та гарах ёстой ч хүн байж магадгүй юм.

МАН бол монголын зовлон жаргалын зуун жилийг зуурсан механизм юм. Хэдийгээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч энэ явц тийм амар явчихгүй ээ…Тэр механизм таныг өөрийн мэдэлгүй ийм хуучин, ийм сонин, ийм сагсуу ДҮР болгон хувиргаж байж ч болох юм.

Гэхдээ өөрсдийн гараар ужиг зузаан хөрсийг хуу татаж байгаа, Монголоо муухай болгох бүх системийг бий болгосон тэр давхаргыг булгалах гэж олдсон, оногдсон “боломж”- оороо дэнчин тавиад “байлдаж” байгаа багийн талд зогсож болох байсан.

Жич: Би хувь хүнийхээ хувьд залуу гоё эмэгтэйчүүдийг харж чаддаггүй, тэдэнд хүчирхийлэл үзүүлж байдаг, мөн юм болгон дээр орилж чарлаж цахим буллины эрэг шураг болж явдаг этгээд биш шүү. Миний уншигчид мэднэ.

Хүйсийн атаархал мэтээс эрт ангижирсан болохоор буруугаар мушгиж “ Эд нар атаархлаа, эд нар буллидлаа” гэх мэтээр жижгэрэхгүй байхыг хүсье.

Одооноос намын эмэгтэй квотыг шийдэх эрхтэй том дарга болохоор нэр дэвших найдлага нь багассан эмэгтэйчүүд нь зориуд ингэж байна гээд пиарч нэртэй нөхдүүдээрээ урсгаад эхэлсэн байна шүү, Та

Баримтууд, Монголын Төрийн хоймор цахилгаан шатаар шууд гарч ирээд өнгөрүүлсэн 10 жил тань түүх гэрчилнэ.

Таныг хүндэтгэсэн

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)