УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хорватын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Admin | 21 цагийн өмнө


   Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр (2025.06.10) Хорватын парламентын гишүүн, тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга, Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан эрхэм төлөөлөгчидтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж ирснийг дурдаж, энэхүү айлчлал түүхэн холбоог шинэ шатанд гаргах боломж гэдгийг онцоллоо.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын хоорондын харилцааг өргөжүүлэх, парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг боловсрол, эдийн засаг, соёл, батлан хамгаалах болон залуучуудын солилцооны чиглэлд гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр хоёр орны ардчилсан үнэт зүйл, түүхэн харилцаа, хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулсан бөгөөд боловсролын салбар, судалгааны төвүүдийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Загребын их сургуулийг төгссөн монгол судлаачдын жишээг дурдсан.

Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Хорватын талаас оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тэмдэглээд, Монголын ардчиллын хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорват Улсын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломжийн талаар ярилцсан.

Мөн талууд парламент хоорондын шууд харилцаа, харилцан айлчлал, боловсрол, судалгаа, энхийг сахиулах ажиллагаа болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цаашид үр дүнтэйгээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Б.Хэрлэн нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)