Өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-нд Улсын начин цолны хүндэтгэлийн 256 бөхийн барилдаан болсон билээ. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв. Харин тус барилдааны нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын даян аварга Н.Батсуурь нарыг давж бөх сонирхогчдын анхаарлыг татаад буй Говь-Алтай аймгийн Дэлгэр сум харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.
-Та нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын даян аварга Н.Батсуурь нарыг өвдөг шороодууллаа. Аймаг, сумын цолтой бөх улсын том цолтнуудыг давна гэдэг бас л ховор үзэгдэл шүү. Тухайн агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. Учраа таараад барилдахдаа давна гэсэн төсөөлөл байсангүй.
-Нэгийн даваанд Р.Пүрэвдагва арслантай таараад яаж барилдъя гэж бодож байв. Эмээж байв уу?
-Бага зэрэг эмээсэн. Ерөнхийдөө амархан унахгүй байя гэж их хичээж барилдсан.
-Хоёрын даваанд Н.Батсуурь аваргатай учраа таарсан шүү дээ?
-Тийм. Өөрөө яваад, сайн ажиллаад л барилдъя гэж бодсон. Зогсвол аваргад унах магадлал өндөр гэж бодоод зогсолтгүй л дайрч барилдсан. Аваргыг давсандаа итгэхгүй маш их баярласан. Бөхийн өргөөн дэх үзэгчид ч шуугиад ирсэн. Их гоё мэдрэмж төрсөн шүү.
-Өөрийн тань хувьд бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна вэ?
-Бэлтгэлээ "Хантайшир" дэвжээн дээрээ хийдэг. Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хийдэг.
-Ер нь залуу бөхчүүдэд барилдааныг нь үзэж мэхийг нь сурч үлгэр жишээ авдаг бөх гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар бөхчүүдээс үлгэр жишээ авдаг вэ?
-Улсын харцага Б.Орхонбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарын барилдааныг үзэж үлгэр жишээ авдаг. Ер нь энэ цаг үедээ сайн барилдаж байгаа бөхчүүдийн барилдааныг нь сайтар ажиглаж дотроо байнга бодож явдаг даа.
-Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхлэв?
-2017 оноос анх үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Танай удамд бөх хүн бий юу?
-Манай удамд бөхийн хүн байхгүй ээ.
-Цаашдаа хэрхэн барилдъя гэж бодож байна?
-Өөрийн үндсэн мэхнүүдээ сайн бэлдэнэ дээ. Цаашлаад бэлтгэл сургуулилтаа сайн хийж цолоо ахиулах зорилготой байна.
А. Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
tentsver.mn | 1 цагийн өмнө
Он гарсаар 36.1 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн э...
tentsver.mn | 2024-11-08