Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөнтэй холбоотойгоор үнэт эдлэлийн үнэ ч нэмэгдэх болжээ. Манай улсын хувьд жилд 20 тонн алт олборлодог. Энэхүү олборлолтын хэмжээг нэмэгдүүлж 40 тонн болж нэмэгдүүлбэл Монголын эдийн засгийг дангаараа босгоод ирнэ ч гэж судлаачид ярих болсон билээ. Ямартай ч бид алт, монет зэрэг үнэт эдлэл ямар үнэ ханштай байгааг тодруулахаар “Мөнгөн завьяа” дэлгүүрийг зорилоо.
Тус дэлгүүрт үдээс хойш 15:00 цагийн орчимд очиход хүн ихтэй байв. Ер нь жил бүрийн дөрөв болон тавдугаар сард үнэт эдлэлийн худалдаа эрэлт ихтэй байдаг аж. Учир нь орон нутгийн иргэд ямаагаа самнаж борлуулаад үнэт эдлэл тэр дундаа ээмэг, бөгж, домбо, хөөрөг худалдан авах нь нэмэгддэг байна.
Алт, мөнгөн эдлэлийн лангуун дээр монгол дээл өмсөж, мөнгөн бүс бүсэлсэн ахимаг насны эмэгтэй худалдагчид хандан “Алтан сүүжин ээмэг байна уу. 70 орчим настай хүн зүүх юм. Гял цал биш энгийн байвал зүгээр байна” гэж асуух нь сонстов.
Худалдагч лангуу руугаа зааж “Хуучны алтан сүүжин ээмэг байхгүй. Харин гар хийцийн энгийн сүүжин ээмэг бол байна. Та хэд орчим төгрөгт хайж байгаа вэ. Сорьцын хэмжээнээсээ хамаараад өөр үнэтэй байгаа” гэлээ.
- Алт нэг грамм нь 210
- Солонгос алт нэг грамм нь 260
- Монет нэг грамм нь 160 мянга
- Мөнгө нэг грамм нь 7-8 мянган төгрөгийн хооронд тус тус байх аж.
Иргэд ихэвчлэн юу авч байгааг нь Худалдагч Ц-ээс тодрууллаа.
-Иргэд ихэвчлэн ямар үнэт эдлэл худалдан авч байна вэ?
-Энэ жилийн тренд болж байгаа худалдан авалт бол домбо, зэс аяга, халбага байна.
-Домбо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ?
-Домбо хийц, бүрмэлийн орцоосоо хамаарч 270-430 мянган төгрөгийн хооронд байна.
Урд хилээр орж ирдэг мөнгө ховордож үнэд орсон, дархчуудын хийцийн ханш өссөн учир үнэ нэмэгдсэн гэж хэлж байв.
Охид, эмэгтэйчүүд үнэтэй гэхээсээ илүүтэйгээр үнэ боломжийн чамин гоёлыг сонирхож байна
Их сургуулиудын төгсөлтийн баяр дөхөж байгаа учир охид, эмэгтэйчүүд ээмэг зүүлт зэрэг үнэт эдлэл худалдан авах нь ихэсчээ.
Их сургуулийн хоёр оюутантай цөөн хором ярилцлаа.
-Та хоёрын хувьд ямархуу гоёл, хэдэн төгрөгт хайж явна вэ?
Оюутан А: Зөвхөн хонхны баяраараа гоёх учраас үнэ боломжийн чамин байвал зүгээр байна. 150 мянган төгрөгт тааруулаад мөнгөн ээмэг зүүлтийн хослол авах сонирхолтой байна.
Оюутан Х: Гоёлын мөнгөн бүс хайж явна. Төгсөлтийнхөө баярын дээлэн дээр өмсөх юм. Элдэв чимэглэлгүй байвал зүгээр байна.
Тэрбээр нэг сая 62 мянган төгрөгөөр мөнгөн бүс авчээ.
Эмэгтэй мөнгөн бүс ур хийц, сорьцын хэмжээнээс хамаарч 600 мянган төгрөгөөс 3 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна
ХӨӨРӨГ ХАМГИЙН ХЯМД НЬ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Тус худалдааны төвд бага гарын хөөргүүдээс хамгийн хямд нь 100 мянган төгрөг бөгөөд их гарын хөөрөг нэг сая 200 мянган төгрөг хүрч байна. Их гарын цагаан хаш чулуун хөөрөг, алтан нуух, шүрэн толгойтойгоороо үнийн жин дардаг байна.
Хүмүүсийн хамгийн их авдаг хөөрөг нь мана, хаш хөөрөг гэнэ.
Цар тахлаас шалтгаалж бүхий л барааны үнэд өөрчлөлт орсон талаар худалдагчид ярьж байв. Алт, мөнгөн эдлэл ч ялгаагүй үнэ өссөн гэв. Тухайлбал мөнгөн аяга сорьц багатай нь 210-450 мянган төгрөг байгаа бол сорьц их орсон нь 1.3-1.8 сая төгрөгийн хооронд байх аж.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14