Элсэлтийн ерөнхий шалгалтад математикийн хичээлээр хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаар ахмад багш Ч.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-ЭЕШ эхлэх дөхөж төгсөх ангийн сурагчид шалгалтдаа бэлдэж байна. Та ахмад багш хүний хувьд сурагчид шалгалтаа сайн өгөхөд тус болох зөвлөгөө өгнө үү?
-ЭЕШ-д янз бүрийн бодлогууд ирнэ. Тиймээс мэдлэгийн хүрээ өргөн байх ёстой. Дүрэм, теорем, томьёо, тэдгээрийн хэрэглээг мэддэг, хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Түүнчлэн олон зуу, мянган бодлого бодож дасгалжсан, дадлагажсан байвал мэдээж хэрэг сайн. Маш олон бодлого бод, гэхдээ системтэйгээр. Рациональ тэгшитгэл, тэнцэтгэл биш болон модультай тэгшитгэл, тэнцэтгэл биш бодож чаддаг хүнд иррационал тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох тийм ч хүнд биш байдаг. Зэрэг, зэргийн илтгэгчийг ухаарсан, илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш бодож чаддаг бол логарифм, логарифм тэгшитгэл тэнцэтгэл бишээс айх явдалгүй гэж л хэлж байгаа юм. Гуравдугаарт, бүхэл бүтэн 12 жилийн мэдлэг чадвараа шалгуулж байгаа учраас аравтын, энгийн бутархайгаас эхлээд өмнөх жилүүдийн мэдлэгээ сэргээх хэрэгтэй байх. Тестийн бодлогуудаас илүү хүнд бодлого бодож дасгалжих, дадлагажих хэрэгтэй. Геометрийн бодлогыг олон аргаар бодож болдог учраас аль оновчтой, цаг бага зарцуулах аргыг сонгох хэрэгтэй болно. Үүнд бэлдэх шалгарсан арга бол геометр, стереометрийн олон олон бодлогыг олон аргаар бодож сурахаас өөр зам байхгүй.
-Системтэйгээр бэлдвэл ямар арга үр дүнтэй вэ?
-Одоо ЭЕШ эхэлтэл сар гаруй хугацаа байна. Гурван өдөрт нэг сэдвийн бодлогыг гараас гаргаад байвал 10 том сэдвийн ард гарахаар байна. Түүнээс өнөөдөр алгебр, маргааш тригонометр, нөгөөдөр геометр гээд үсчээд байвал юу ч хийж амжаагүй байхад чинь шалгалт маргааш билүү гээд зогсож байхад хүрнэ. Иймд урьд өмнөх жилүүдийн ЭЕШ-ын чиг хандлагатай сайтар танилцаж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бид 2006-2017 оны 12 жилийн шалгалтын бодлогыг бодож хэвлүүлж байсан. Тест бодох аргачлал бүхий товхимол ч байгаа. Тестийн зөв хариуг хэрхэн сонгох вэ гэвэл нэгдүгээрт, бодлогоо бодож хариуг тестийн хариутай тулгаж зөвийг сонгох. Үүнийг хүүхэд бүр мэддэг. Хоёрдугаарт, бодлогын нөхцөлөө урьдчилан шинжилж бодолгүйгээр онцлог шинжээр нь зөв хариуг заах. Мөн бодлогоо биш хариунуудыг шинжилж зөвийг олох, аль нэг хариунаас тодорхой тоо (илэрхийлэл) сонгон авч, түүнийхээ хувьд бодлогоо шинжлэх, хариунуудыг бодлогод (тэгшитгэл, тэнцэтгэл биш) тавьж зөвийг илэртэл үргэлжлүүлэх, шийд болж чадахгүй нь илэрхий хариуг зайлуулж бодолтоо хөнгөвчлөх, зөв хариуг олох зэрэг арга барил хэрэглэнэ. Түүнчлэн ойролцоогоор зөв, хурдан тооцоолж сурах, бодолтоо хялбарчлах арга зам хайх, зөн билгээ хөгжүүлж, овсгоо самбаатай байх зэрэг олон арга барил эзэмших хэрэгтэй. Ийм чадвартай болохын тулд маш олон бодлого системтэйгээр бодох хэрэгтэй болдог.
-Та шалгалт өгөх гэж буй сурагчдад зориулан ном гаргасан гэсэн. Уг номынхоо талаар танилцуулаач?
-11-12 дугаар ангийн сурагчид, ЭЕШ-д бэлдэж буй хүмүүст зориулсан: Алгебрийн бодлогууд, анализын эхлэлийн бодлогууд, тригонометрийн бодлогууд гэсэн үндсэн гурван бүлэгтэй “Алгебр ба анализын эхлэлийн бодлого бодох аргууд” ном хэвлэлтээс гарч “Интерном”, “Азхур”, УИД-ийн “Мажестик”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаж байна. Бодлогын төрөл хэлбэрээс хамааран тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох бодох арга нь: 1. Энгийн (ердийн); 2. Бүлэглэх, үржигдэхүүнд задлах; 3. Шинэ хувьсагч оруулах (орлуулга); 4. Туршин сонгох; 5. Алгебрийн томьёонууд ашиглан хувиргах; 6. Радикалаас чөлөөлөх; 7. Ур чадвараа гаргаж сонгомол аргаар шийдэх гэх мэтээр төрөлжсөн. 8. Илтгэгч, логарифм, модультай, иррационал, параметртэй тэгшитгэл шийддэг тусгай аргуудаа хэрэглэх нь тодорхой. Энэ номын ихэнх бодлого тестийн бодлогоос хүнд. Мөн 2006-2017 оны тестүүдээс номын тухайлсан сэдэвт тохирох тестүүдийг бодолтын хамт оруулсан.
-Номын үнэ хэд вэ. Мөн хөдөө орон нутагт буй хүмүүст хэрхэн хүргэх боломжтой вэ?
-номын үнэ 20 мянган төгрөг. Түрүүн хэлсэн дөрвөн номын дэлгүүрээс авч болно. Мөн хотын А бүсэд үнэгүй хүргэж өгч байгаа. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгч явуулж бас болно. Хэрэв хүргэлтээр авах бол 9400-3051, 9999-3950, 9987-8728 дугаарын утсаар холбогдоорой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25