Нийслэлийн Онцгой байдлын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдаж, оны шилдгээр шалгарсан анги, байгууллага, алба хаагчиддаа шагнал гардууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Тус газраас 2025 онд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж, иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах чиглэлээр нийслэлийн Засаг даргатай байгуулсан хариуцлагын гэрээг 95,4 хувь, ОБЕГ, НОБГ-аас дэвшүүлсэн зорилтыг 96,9 хувь хэрэгжүүлж ажиллалаа.
Энэ онд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 589, гал түймрийн 2363 дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3278 иргэний аюулгүй байдлыг ханган, иргэн, хуулийн этгээдийн 290 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэрт өртөж нас барсан иргэдийн тоо 44 хувиар, түлэгдэж гэмтсэн иргэдийн тоо 50 хувиар, аюулт үзэгдэл, ахуйн осолд өртөж нас барсан иргэдийн тоо 20,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.



























































