
Өсвөр нас гэдэг нь хүүхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үе бөгөөд тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихэд зөрчил, өөрчлөлт бий болдог үе төдийгүй хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хамгийн чухал үе юм. Энэ үед хүүхдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа, хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч олон асуудлуудтай нүүр тулгардаг. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нээж Засаг дарга хэлсэн үгэндээ “Бид дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн. Энэ удаа дэлхийн 25 улсад сэтгэл зүйн сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлсэн доктор Роби Сондэргэрийг урьж, та бүхний ажилд хөтөч болох олон мэдээлэл зөвлөгөөг өгөхийг зорилоо” гэв. Энэ удаагийн сургалтаар Англи Улсын Клиник сэтгэл зүйч Роби Сондэнгэр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, ядаргаанаас урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх, байгууллагын соёл ба эрүүл зуршил төвлөрүүлэхэд туслах, тулгамдсан асуудалд чиглэсэн сэтгэл зүйн боловсрол олгох чиглэлээр танилцуулга мэдээлэл өгсөн юм.