Д.ГАНТУЛГА: Тогтолцооны хувьд ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага заавал байх ёстой. МИК байна уу, өөр компани байна уу гэдэг нь хамаагүй

Admin | 2022-05-29


Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Монголын ипотекийн корпораци (МИК) иргэдэд олгож буй орон сууцны 8 хувийн зээлийн хүүгээс 2.9 хувь, 6 хувийн зээлийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авч ашиг олдог гэж Шадар сайд мэдээлэл хийсэн. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-МИК зээл олгодоггүй. Зээд олгох үйл ажиллагааг банк бие даан шийддэг учраас иргэдэд олгож буй ипотекийн зээлийн хүүнээс шимтгэл авах боломжгүй. Товчхондоо арилжааны банкнаас иргэнд очиж буй зээлийн үйл явцад МИК оролцдоггүй. Гэхдээ МИК хүү багатай орон сууцны зээлийг иргэдэд олгох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтын гэрээнд түшиглэсэн том тогтолцоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин зээл нэгэнт гарсны дараа манайх арилжааны банкуудаас зээлийг худалдаж аваад багцлаад үнэт цаас болгож байгаа үйл явцад тодорхой хэмжээний зардал гардаг. Эдгээр зардалд ойролцоогоор 1.6 хувийн зардал гардаг гэсэн үг. Татвар, банкуудын үйлчилгээний шимтгэл зэрэг олон зардалд задарч явсаар байгаад МИК-ийн 0.5 хувь шимтгэл л авдаг. Үүгээрээ бид үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Тусгай зориулалтын компани ганц бонд гаргаад зогсохгүй ш дээ. Сар бүр тайлан баланс хийхээс эхлээд үргэлж шинэчилж байх ёстой. Тусгай зориулалтын компани нь Үнэт цаасны тухай хуулиас харвал гүйцэтгэх захирал байхгүй, ажилтан байхгүй, цаасан дээрх компани юм шиг харагддаг. Тэгсэн хэр нь ТУЗ-төй, шийдвэр гаргах зорилготой тодорхой хүмүүс ажилладаг. Тэгэхээр өдөр тутмын үйл ажиллагааг МИК ООСК хийж  байна гэсэн үг. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хурал, шийдвэр, зээл төлөгдөхгүй байна, барьцаа хөрөнгийг нь хурааж авлаа, шүүхээр орлоо, шийдэгдэхгүй байна гэх зэрэг бүх процессыг манайх хариуцаж хийж байгаа учир үүнтэй холбоотой зардлууд мөн л гараад явна.

-МИК 246 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн шуугианыг нөөц сантай холбоотой гэж байсан. Нөөц сан ямар учиртай вэ?

-МИК-ийг 2014-2018 онд 426 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гээд байгаа. Энэ бол цэвэр ашиг биш нөөц сан. Аудитлагдсан нэгтгэл санхүүгийн байдлын тайланд нөөц хөрөнгийн дүн 208.8 тэрбум байна. Нөөц санд яагаад хуримтлал үүсгэдэг юм бэ гэдэг гол асуудал гарч ирнэ. Зээлийн бүтээгдэхүүн тул эрсдэлтэй. Нөгөө талдаа бонд эзэмшиж байгаа газрууд буюу банкууд эдийн засгийн байдал сайн, муу байхаас үл хамаараад зээлдэгчээс хүүгийн болон үндсэн төлбөрөө хугацаандаа авна. Тэгвэл нөөц сан нь хүүгийн төлбөрийг хугацаанд нь авахад баталгаа болох хуримтлалын эх үүсвэр юм.

ТЗК-ийн гаргаж буй ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) 20-30 жилийн урт хугацаатай бөгөөд тус нөөц хөрөнгө нь эдийн засгийн ямар ч нөхцөлд бонд эзэмшигчид буюу Монголбанк, Сангийн яам, Арилжааны банкуудад төлөх купоныг хуваарийн дагуу хийх баталгаа болж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдээс хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилготой байгуулдаг.

-Сая ковидтой үед нөөц сангаас иргэдийн зээлийн хүүг төлж байсан гэсэн үг үү?

-Ковидын зээл хойшлуулалтын үед анх удаа нөөц сангаас их хэмжээгээр бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөд зарцуулсан. Дээрх ашигтай ажилласан гээд байгаа 246 тэрбум төгрөг чинь ковидын өмнөх үеийн нөөц санд хуримтлагдсан мөнгө. Одоогоор нөөц санд 3 тэрбум орчим л төгрөг бий. Учир нь түрүүн хэлсэн ковидын үед иргэд зээлээ хойшлуулчихсан байхад бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөрийг зайлшгүй төлөх ёстой. Иргэдээс зээлийн төлбөр орж ирэхгүй болохоор бонд эзэмшигчдэд хүүг нь төлөх боломжгүй болсон. Иймд ковидын үед нөөц сангаас бонд эзэмшигдэд зээлдэгчдийн хүүгийн төлбөрийг төлж байсан гэсэн үг. Энэ чинь тогтолцоогоо хамгаалсан бодлого. Тиймээс зайлшгүй нөөц сан байх ёстой. Үүнээс гадна өдөр тутамд нөөц сангаас ямар мөнгө гаргадаг вэ гэхээр иргэн Б зээлээ төлөхөө больчихлоо гэж бодъё. Энэ тохиолдолд шүүх байрыг нь хурааж авах эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргана. Гэтэл шүүхийн процесс 3-5 жил үргэлжилдэг. Тэгэхээр 3 жилийн турш тухайн зээлийн хүү төлөгдөхгүй зогсоно. Энэ хооронд жилд дөрвөн удаа буюу гурван жил байлаа гэхэд 12 удаа бонд эзэмшигчдэд хүүг төлөх шаардлага үүснэ. Энэ 12 удаа төлөх ёстой зээлийн хүүг нөөц сангаас гаргадаг. Эцсийн дүнд бонд эзэмшигчдэд яагаад заавал нөөц сангаас мөнгийг нь гаргаж төлөөд байдаг юм гэхээр бонд эзэмшигчид чинь авсан мөнгөөрөө дараагийн зээл олгогчдын эх үүсвэрийг шийддэг.

-МИК татан буугдвал 6 хувийн зээл ч үргэлжлэх боломжгүй болж магадгүй юм байна. Тийм үү?

-Тогтолцооны хувьд ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага заавал байх ёстой л гэж хэлье. Тэр нь МИК байна уу, өөр компани байна уу гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь орон сууц санхүүжилтийн гэдэг статустай байгууллага хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу баталгаат бонд гаргаж чаддаг байгууллага бол байх ёстой. Үүнийг хамгийн сайн хийж байгаа газар бол өнөөдрийн хувьд МИК байна. МИК-тай төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд сүүлийн жилүүдэд байгуулагдаж байна. Энэ мэдээж сайн хэрэг. Ийм тогтолцооны үр дүнгээр иргэдийг бага хүүтэй орон сууцанд хамруулах боломжтой шүү дээ.

-Ипотекийн 6 хувийг 4 хувь болгож бууруулах боломжтой гээд байгаа. Энэ боломжтой юу?

-Энэ асуултад тодорхой хариулт алга. Эцсийн дүндээ хүүг бууруулна гэдэг эх үүсвэртэй л холбогдоно. Тийм эх үүсвэр байгаа юм уу, байгаа бол болно, байхгүй бол хэцүү. 6 хувийг 4 хувь болгох, 4 хувийг дараа нь 2 хувь болгохоос илүү өрхийн орлогыг өсгөхөд анхаарах уг нь чухал байгаа юм. 8 хувийн хүүтэй зээл 6 хувь боллоо гээд иргэдийн төлж байгаа сарын төлбөр багасах юм уу. Ингэж өөрчлөгдөхөд амьдралд чинь бодит өөрчлөлт орсон уу. Үгүй байхгүй юу. Иргэдийн цалин нэмэгдээгүй цагт ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Миний бодлоор хүү буруулах дээр хүлээлт өгснөөс өрхийн орлого нэмэгдүүлэхэд хүлээлт үүсгэх хэрэгтэй.

-Гэхдээ нийт иргэдийн сонирхол яалт ч үгүй хүүг бууруулах сонирхол шүү дээ?

-Хүмүүс хүүг бууруулчихвал л бүх юм сайхан болох гээд байгаа юм шиг хараад байна. Эцсийн дүндээ иргэн хүүг бууруулах гээд байгаа шалтгаан нь сар бүрийн өрхийн орлогоосоо бага хувийг зээлд төлөх сонирхол. Хэрэв өрхийн орлогыг нэмэгдүүлчихвэл өнөөдрийн зээлэнд төлж байгаа мөнгө бага харагдана. Өнөөдөр дунджаар 1.2 сая төгрөгийн цалинтай байгаад зээлээ төлөх маргааш 2 эсвэл 3 сая төгрөгийн цалинтай байгаад зээлээ төлөх хоёр асар ялгаатай. Зээлээ төлөөд цаана нь амьдралын бусад хэрэглээгээ шийдэж болох хэмжээний мөнгө тухайн хүнд үлдэнэ. Тэгэхээр миний бодлоор бид Шадар сайдаас “Миний өрхийн орлогыг өсгөж өгөөч ээ” л гэж хүсэх хэрэгтэй байгаа юм. Өрхийн орлого хэзээ өсөх вэ гэхээр макро эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, мөнгөний бодлогоос шалтгаална. Хөрөнгө оруулалтын хөрсийг сайжруулах. Ингээд ирэхээр их амархан ажил биш. Гэхдээ үүний төлөө ажиллах ёстой хүмүүс нь төр засаг шүү дээ.

-Шадар сайдын зүгээс МИК-ийг шалгах ажлын хэсэг гаргасан. Танайд яг ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Ажлын хэсэг Шадар сайдын дэвшүүлсэн зээлийн нөхцөлийг тойроод ажиллаж байгаа байх. Мөн манай үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой шалгалтууд хийгдэж байгаа байх. Ер нь манайд Санхүүгийн зохицуулах хорооноос байнга хяналт шалгалт тавьж явдаг. Монголбанк бодлогын хүрээнд ТУЗ-д байдаг. Тиймээс байгууллагаас гаргаж байгаа бүх шийдвэрийг талаар мэдээлэлтэй байгаа. Яг ингэ тэг гэсэн тодорхой шаардлага тавиагүй. Дэвшүүлж байгаа асуудлын хүрээ нь төрийн эрх бүхий байгууллагууд хоорондоо ажлын хэсгээрээ шийдэх хэмжээний асуудал бий. Энд МИК ямар нэгэн байдлаараа оролцсоноороо эерэг болон сөрөг ямар ч шийдвэрт нөлөөлөхгүй. Учир нь манайх анхнаасаа л Монголбанк, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ажиллаж байгаа.

                                                                                                                                                         Д.ДАВААСҮРЭН

                 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)