
Монголын эдийн засгийг тодорхойлох нүүрсний салбарын эрч суларч, зогсонги байдал руу алгуур шилжлээ. Энэ нь нүүрсний үнэ буурч, экспортын биет хэмжээ дорвитой өсөхгүй байгаа үйл явц юм. 2025 он гарсаар нүүрсний үнийн уналт 40 хувийг давж, зах зээлийн оргил үе буцлаа.
Гашуунсухайтын боомтоор экспортонд гарч буй нүүрсний биет хэмжээ татарч, Хятадын талаас авах сонирхол эрс буурчээ. Нүүрсний татан авалт ийнхүү муудсан нь ирэх сарууд гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдал болж илэрнэ. Шивээхүрэнгийн боомтоор ч нэвтрүүлэх нүүрсний хэмжээ сайнгүй хэвээр байна. Оны эхний хагаст нүүрсний үнэ эргэн сэргэсэнгүй. Нүүрсний экспортын 80 шахам хувийг дангаар хангадаг хоёр боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан дүр зурагтай байна. Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэх компаниуд сул зогсолт хийх нь нэмэгдэж, жолооч нар гэртээ харьж эхэллээ. "Нүүрсний тээвэр ойрын үед нэг л явцгүй болчихлоо" гэсэн яриа жолооч нарын дунд ам дамжиж, компаниуд ажилчдадаа чөлөө ихээр олгох нь ихэсжээ.
Хятадын нүүрсний дотоод эрэлт сул, гангийн үйлдвэрлэлийн улирлын бууралтаас үүдэн Монголын экспортын нүүрсний нийлүүлэлт сайжрах төлөв бага байгааг урд хөршийн нүүрсний мэдээллийн гол суваг sxcoal.com цахим хуудаст дурджээ. Монголын импортын нүүрсний хязгаарлагч хүчин зүйл нь өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэлийн бууралт болж байна. Хятадын тухайд дотоодын нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэлийг илүү дэмжих, тэр тусмаа гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ эрс нэмэгдэхгүй байгаа үед гадаад зах зээлээ нэмэхгүй, хэрэглээгээ хязгаарлах бодлого баримталж буй нь илт байгаа.
Манай улсын хувьд оны эхний таван сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 31.7 сая тонн болж, орлогын дүн 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн нь 1.5 тэрбум ам.доллараар буурчээ.2022 оноос 2024 оны хооронд огцом өсөлт үзүүлсэн нүүрсний экспорт энэ онд уруудах магадлал өндөр байна.
Эх сурвалж: Mining.mn