Тайланд Улсын Авлигатай тэмцэх үндэсний хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчлав

Admin | 6 цагийн өмнө


   Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Тайландын Хаант улсын Авлигатай тэмцэх үндэсний хорооны дэд комиссар, ноён Паттарасак Ваннасаенг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын бүрэлдэхүүнд Тайландын Хаант улсын Авлигатай тэмцэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Сароте Пхуенгрампхан, Олон улсын хэрэг болон авлигыг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хатагтай Ванвара Силпавилаван, Олон улсын хамтын ажиллагааны албаны даргын үүрэг гүйцэтгэгч, хатагтай Валайкорн Хангсаванус, Гадаад харилцааны ажилтан, хатагтай Рата Рудраванижа, ахлах мөрдөгч, ноён Сахон Рүүптиа, Гадаад харилцааны ажилтан, ноён Тиентонг Вачиравичай нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Тайландын Хаант улсын Авлигатай тэмцэх хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Г.Азжаргал, байгууллагын урилгыг хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Тайланд Улсын Авлигатай тэмцэх үндэсний хороо бол дэлхийд нэр хүндтэй байгууллага. Манай хоёр байгууллагын харилцаа 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Бид энэхүү найрсаг харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд байгууллага хоорондын Санамж бичгийн хэрэгжих хугацааг сунган, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, харилцан туршлагаа солилцох чиглэлээр хоёр талт ажиллагаа өргөжүүлж байгаад таатай байна” гэлээ.Тайландын Хаант улсын Авлигатай тэмцэх үндэсний хорооны дэд комиссар, ноён Паттарасак Ваннасаенг Монгол Улсад анх удаа айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв.Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох зэрэг албан хаагчид байлцав. Уулзалтын дараа талууд “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Тайландын Хаант Улсын Авлигатай тэмцэх үндэсний хороо хооронд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Төлөөлөгчдийн тэргүүн, Тайландын Хаант улсын Авлигатай тэмцэх үндэсний хорооны дэд комиссар, ноён Паттарасак Ваннасаенг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын “Хүндэт дэвтэр”-т дурсгалын үг бичиж, гарын үсэг зурсан юм.Тайландын Авлигатай тэмцэх үндэсний хороо нь ёс зүй, шударга байдлыг сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө хянан шалгах, авлигыг таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллага нь Сенаттай зөвшилцсөний дагуу Хаанаас томилогдсон ерөнхийлөгч болон бусад 8 гишүүн (Дэд комиссар)-ээс бүрдэхээр Үндсэн хуульдаа заасан ажээ. 

Тайландын Хаант улсын Авлигын эсрэг үндэсний хорооны төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрхийн талаар мэдээлж, хэлтэс, албадын үйл ажиллагааг танилцууллаа.

Энэхүү айлчлал нь Монгол, Тайланд Улсын авлигатай тэмцэх байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх боломж, чиглэлийг гүнзгийрүүлэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулж албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл солилцох чиглэлээр өргөн хүрээнд санал солилцож, тодорхой асуудлуудаар харилцан ойлголцсон үр дүнтэй арга хэмжээ болов.

iaac

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)