Цахим орчин дахь “Романс залилан” нэлээд газар аваад буй. Тухайлбал манай улсад малчин эмэгтэй гадаад залууд дурлаад 200 сая төгрөг шилжүүлж хохирсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж анхааруулсан. Тэгвэл нэгэн эмэгтэй гурван жилийн өмнө мөн романс залиланд өртөж байсан талаар анхааруулга болгон цахим хуудсандаа оруулжээ.
Тэрбээр “Би 19 настайдаа Хятад улсад сурч байсан. Танилцах апп-аар холбогдсон Турк гаралтай залууд ухаангүй дурлаад уулзахаар болсон. Ингээд тэтгэлэгээр онц сураад авсан 10 орчим сая төгрөгийн урамшууллаа аваад Камбож улсад очсон. Тэгсэн би Малайзад байна гэхээр нь Малайзад очсон. Намайг тосч аваагүй ч над руу явуулсан буудлын хаягаар очиж уулзаад 3 хоногийн дараа Турк явах болчихлоо гэхээр нь явуулсан. Ингэхдээ 3 сая төгрөг зээлсэн. Тухайн үеийн ханшаар. Надад аав маань бие нь тааруу байна, явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би дурласан байсан учраас хэн болох, хаана амьдардаг, үнэхээр Турк явах юм уу ерөөсөө нягтлаагүй. Зүгээр л мөнгө зээлээд явуулсан. Камбожид очоод сар хүлээсэн ч ирээгүй. Одоо бодоход их зоригтой байж. Яаж хүний наймааны хохирогч болчихоогүй юм. Романс залилан бол эмэгтэйчүүдийн итгэлийг олж аваад залилдаг юм шүү, ямар ч арга барилтай байж болно” хэмээн бичжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр бол гадаадаас монгол эмэгтэйчүүд рүү цахимаар холбогдож хайр дурлалын сэдвээр хэдэн сарын турш чат бичиж “Удахгүй хамт амьдарна”, “Хийж буй ажлынхаа цалин хөлсийг шууд данс руу нь шилжүүлнэ” гэх мэтээр ярьж, урилга сэлт илгээдэг аж.
Харин сүүлдээ “Үүний тулд шимтгэл төлөх хэрэгтэй байна”, “Дараа нь хэд дахин нугалж өсгөн, буцааж өгнө” гэх мэтээр мөнгө нэхэж эхэлдэг байна. Харин үүнд нь хууртаж, хэд хэдэн удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө гадаадын данс руу шилжүүлж, хохирсон хэргүүд бүртгэгджээ. Тодруулбал, Д.О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарсан байна. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй аж. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.
Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд нэгэнт гадаад дахь данс руу гарсан мөнгийг эргэж олох магадлал тун бага байдаг аж.