
Манай улсад хүн амын өсөлтөөс илүү бараа, бүтээгдэхүүний үнэ таазандаа тултал өссөөр байна. Цар тахлын үеэр Эрээн хот хилээ хааснаар нарийн ногооны “ГАЛЗУУРЧ” байв. Үүнтэй адил барилгын материалын үнэ нэмэгдэж, үүнийг даган орон сууцны үнэ ч нэмэгдэв.
Нийслэлчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг 100 айлын барилгын материалын зах дээр үнэ ханш хэдий хэмжээнд өссөн талаар сурвалжиллаа.
Худалдаа эрхлэгчдийн хувьд БНХАУ-аас бараа материалаа татан авч чадахгүй байгаа талаараа хэлж байлаа. Хил дээр нь материал нь гацаж, нааш нь татах 60 тн-ын ачаа ачих машин олдохгүй байгаа гэв.
Мөн ОХУ-аас барилгын материал нийлүүлэлт бүрэн зогссон гэнэ. Иймд худалдаа эрхлэгчид дотоодын замаска, Хөтөлийн цементийг саяхнаас борлуулж эхэлжээ. Үнийн хувьд Хөтөлийн цемент 40-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Замаска 30 кг-тай нь 10 мянга, будаг 1 литр нь 7000 төгрөг, 13 литртэй нь 100 мянга, хөөс 45 мянга, хавтан 15-25 мянга, оохор кг нь 2500-4500 төгрөгийн үнэ ханштай байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар огцом өсөлттэй байгаа барилгын материал арматур, катанг 80 хувь, хөөсөнцөр 92 хувь, модон материал 60, тоосго 52, хэв хашмал 40 хувиар өссөн судалгаа гарсан байна.