Монгол Улсын банкны салбарын 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр /2022.11.23/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо.
Өнгөрсөн 10 жилд Монгол Улсын банкны салбарын нийт актив хөрөнгө 6.2 их наяд төгрөгөөс 41.0 их наяд төгрөгт хүрч 6.6 дахин өссөн бөгөөд цаашид ч энэ хурдацтай өсөлт үргэлжлэх төлөвтэй байна. Тэр дундаа Голомт банкны нийт хөрөнгө өнгөрсөн 27 жилийн хугацаанд 6 мянга дахин өссөн байна. Мөн сүүлийн 4 жилд үйл ажиллагааны ашиг нь жилд дунджаар 26 хувиар өсөж, 2021 оны байдлаар 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь тус банкны ирээдүйн өсөлтийн орон зай, санхүүгийн тэлэлтийг тодорхойлж байна.
Тус банк IPO хийж 103.3 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлснээр 800 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломж бүрдэх бөгөөд тэр хэрээр иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжих, Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд хурд нэмэх боломж бүрдэх юм.
Голомт банк нь нийт хувьцааныхаа 10.09% буюу 800 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд захиалга 2022 оны 11-р сарын 23-наас 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл 7 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Голомт Банк IPO хийснээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээг 20 орчим хувиар буюу 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, үнэлгээ нь нэг их наяд давсан хоёр дахь нээлттэй хувьцаат компани болохоор хүлээгдэж байна.
Цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Үндсэн андеррайтер “Инвескор Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн, Туслах андеррайтер “Голомт Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
БАНКНЫ ТУХАЙ
Монгол Улсын ууган арилжааны банкнуудын нэг Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад танигдсан нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, итгэлтэй найдвартай банк болон төлөвшиж харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй бүхий л санаачилга, шийдлүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэ цэнийг бүтээсээр ирсэн жишиг тогтоогч банк юм.
Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараан дор нэг сая орчим харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг, мэргэжлийн баг хамт олон, орон даяарх 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
ХУВЬЦААНЫ ТУХАЙ
⦁ Нийтэд санал болгох хувь: 10.09%
⦁ Нэгж хувьцааны үнэ: 1285 төгрөг
⦁ Татан төвлөрүүлэх хөрөнгө: 103.3 тэрбум төгрөг
⦁ Хувьцааны захиалга авах хугацаа: 2022.11.23-11.30-ны өдрийн хооронд
Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайт болон банкны салбар нэгжүүдэд хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болох бөгөөд Голомт банкны харилцагчид www.egolomt.mn вэбсайт, SocialPay аппликэйшн ашиглан захиалгаа өгөх боломжтой.
Нээлттэй банк-Голомт банк