Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх ажлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Урд шөнө Х.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн “Хишиг арвин индустриал” компанийн зарим удирдлагыг баривчилсан. Тус компани “ЭТТ” компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм” гэлээ.
Мөн түүнчлэн “Чин сэтгэлийн дуудлагаар эх орныхоо төлөө жагсаж байгаа жагсагчдын хажуугаар зохион байгуулалттай турхирагч хэсэг нөхөд байна.
“Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагуудад сүүлийн жилүүдэд Монголын Оюутны холбооны үе үеийн удирдлагууд бүхий л удирдах албан тушаалуудыг хашиж ажиллаж байсныг та бүхэн мэднэ.
Тухайлбал, тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан. Мөн оюутны холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан. Энэ бол баг болж ажиллаж байсныг үгүйсгэх аргагүй.
Тэгвэл яг өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, тэр дундаа их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байна ” гэв.