Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.13/ хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.
Дэлхийн банкны зүгээс 2018-2020 онд Монгол Улс дахь тээвэр, логистикийн эрэлт нийлүүлэлт, тэр дундаа махны тээвэрлэлтийн судалгааг хийсэн бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид хүрч буй нийт өртгийн 30 орчим хувийг зөвхөн тээвэр, логистикийн зардал эзэлж байгааг тодорхойлсон байдгийг Н.Учрал сайд дурдаад Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр дэлхийн 160 орноос 130 дугаар байранд байгаа нь тээвэр, логистикийн сүлжээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулж байна. Иймд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "олон улсын болон бүс, бүс нутгийн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттай барьж байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбосон байна" гэж заасны дагуу авто замын сүлжээг сайжруулан логистикийн жишиг төвийг байгуулах зорилт тавьсан гэж байлаа.
Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтов.