Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байрыг засварлаж, тохижууллаа

Admin | 2022-12-15


Сүхбаатар дүүргийн Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй эрсдэлд байгаа хохирогчийг гэр бүлийн бусад гишүүдийн хамт байрлуулан, хамгаалах зорилготой түр хамгаалах байрыг 2020 онд ашиглалтад оруулж байсан. Тэгвэл уг байранд  “Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан засвар үйлчилгээ хийн тохижуулжээ.  “Хүүхэд, эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжлэгтэй тохижуулж, засварласан  уг байранд өнөөдрийн байдлаар нийгмийн болон халамжийн ажилтан, сэтгэлзүйч, жолооч гэсэн нийт 9 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.  2013 онд баригдсан захиргааны зориулалт бүхий барилгыг 2020 оны 6 дугаар сараас хойш түр хамгаалах байр болгон ашиглах болсон бөгөөд энэ  хугацаанд 296 хүүхэд, 19 эмэгтэйг түр байрлуулан хамгаалсан аж. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг “Энэхүү барилгыг  2013 онд барьсан. Улмаар сантехник болон бусад зүйл нь нэлээн элэгдэж, хуучирсан байсан. Харин төслийн хүрээнд засаж, тохижуулснаар стандартын шаардлага хангасан байранд хохирогчдыг байршуулах, хамгаалах нөхцөл бүрдлээ” гэсэн юм.

Түр хамгаалах байрны засвар, тохижилтын ажлын хүрээнд нийт 215м2 талбайд наадаг шал суурилуулж, гал тогооны өрөөнд 12,5м2 вакум хаалт хийлгэж тусгаарлан үлдсэн зай талбайг хүүхдийн өрөө болгосон байна. Тавилга, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг шинэчилж, сантехникийг бүрэн засварлажээ. Мөн ширээ, сандал, тоглоом, номын тавиур, хувцасны шкаф, ор, буйдан тус тус байрлуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)