Бусдыг дарамталж дээрэлхэх явдал өдөр тутмын энгийн амьдралаас илүүтэйгээр цахим орчинд гарч, мэдрэгддэгийн шалтгаан нь нэрээ нууж болдог, иймээс дээрэлхэгч нэгэнд улам таатай болдог байна. Хоёр төрлийн хүмүүс бусдад дарамт үзүүлэх нь түгээмэл байдаг. Бусдын дунд нэр хүндтэй, алдартай хүмүүс болон нийгэмд гадуурхагддаг хүмүүс. Энэхүү үзэгдэл бүх л насанд тохиолдож болох ч өсвөр насны хүүхдүүд дунд илүү тохиолддог.
Та ийм дарамтанд өртвөл юу хийх вэ?
Тоохгүй байх: Элдэв нэр хочоор дуудах жижиг хэмжээний өдөөн хатгалтыг аль болох тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. Хийж буй үйлдэлд нь хариу үзүүлж буйд дээрэлхэгчид өөгшиж, давардаг байна.
Тэмдэглэж авах: Өөрт ирж буй дарамталж, дээрэлхсэн зурвасуудыг хадгалж бай, ингэхдээ цаасан хэлбэрээр хадгалах хэрэгтэй.
Бусдад ханд: Эцэг эх, багш, сургуулийн удирдлага болон цагдаад хандаж тусламж авч болно. Найзууд, сэтгэл зүйчтэй ярилцсанаар бухимдсан үедээ тэдний дэмжлэгийг авч чадна.
Таслан зогсоо: Утасных нь дугаарыг блоколж дуудлага, мессеж авахгүй байж болно. Фейсбүүк болон бусад мессенжерээр тухайн хүнийг блоколсноор тэд дахин тантай харьцаж чадахаа болино.
Технологийг ашигла: Энэ төрлийн хэрэг их гардаг Фейсбүүк, Youtube хуудасны “аюулгүйн төв” буюу “safety centers”-т мэдэгдэх боломжтой. Мөн интернет, утасны үйлчилгээ үзүүлэгч оператортоо хандсанаар тухайн этгээдийг илрүүлэх магадлал бий.