С.ЭНХБОЛД: Сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөнө

Admin | 2022-12-15


Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн түүхт 25 жилийн ойг тэмдэглэх  арга хэмжээний хүрээнд “Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Сувилахуйн удирдлага, манлайлал сургалт”-ыг  энэ оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож  нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч амжилттай даван туулсан сувилагч нарт талархал илэрхийллээ. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс сувилагчийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд 2022 оны наймдугаар сард 300 орчим эрүүл мэндийн ажилтанд орон сууцны урьдчилгаа 20-30 сая төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосныг дурьдаад цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд сувилагч нарын цалинг 2022 онд 20-30 хувь нэмээд байгааг улам нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр сувилагчийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд болон цаашид хийх ажлын талаар ярьлаа. Тухайлбал сувилагчийн дутагдалтай байгаа орон нутагт  АШУҮИС хамтран сувилагч бэлдэж эхэлснийг дурдаж,  сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөж, сувилагч нарын боловсролд хөрөнгө оруулалт хийх, манлайлалыг нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлд улам ихээр анхааран ажиллана гэж хэллээ.
Мөн хуралд Олон улсын Сувилахуйн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Японы сувилахуйн нийгэмлэг Олон улсын стратегийн зөвлөх, профессор Тэшима Мэгүми “Бидний манлайллын дуу хоолой”, “Сувилагчийн ээлжийн зохицуулалт” сэдвүүдээр зочин илтгэгчээр уригдан оролцсон бол Жайка олон улсын байгууллагын Сувилахуйн мэргэжилтэн Сүгүвара, 21 аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын Сувилахуйн албадын дарга нар, салбар нийгэмлэгийн тэргүүн, сувилагч нарын төлөөлөл болох нийт 500 гаруй сувилагч мэргэжилтнүүд оролцлоо.

Тус Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар  Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэл болох сувилахуйн боловсрол, ажлын байр, удирдлага, манлайлал, тусламж үйлчилгээ гэсэн 4 чиглэлд нийт 50 гаруй илтгэлийг хэлэлцүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)