Хүйтний улирал эхэлмэгч охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоож эхэлдэг нэг өвчин бол давсагны ханиад хэмээн нэрлэгддэг цистит юм. Энэ өвчнийг нэг туссан бол дахин сэдэрч болзошгүй байдаг байна. Тиймээс эмчилгээ хийж циститийг эмчлэхээс илүү гам барих нь маш чухал аж.
Цистит бол давсагны хурц үрэвсэл. Давсаг өөрөө гурван давхаргатай. Гол хэсэг нь зузаан булчин байгаа. Дотор талаар нь өнгөлсөн салст, гадна талыг нь хамгаалсан холбогч эдийн хальстай. Давсагны үрэвсэл гэхээр их төлөв дотор талын салст цочроод, түүнээс болж булчингууд агшдаг. Тийм учраас цистит хөдөлгөх үед баралгин ууж болно. Өөрөөр хэлбэл, булчин сулрах эм ууна гэсэн үг. Мөн шингэн сайн уух хэрэгтэй. Давсганд шингэн сайн хуримтлагдаж байж давсаг өөрөө сулран тайвширч, амархан цочрон, агшиж өвдөх нь гайгүй болно.
Циститийг сэдрээхгүй, гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудаас
1. Шарсан хуурсан хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийх хэрэгтэй. Тэдэнд агуулагдах найрлага таны шээсийг илүү хүчиллэг болгосноор, өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Мөн алкогольны болон каффейны төрлийн ундааг хязгаарлах нь зөв. Эдгээр бүтээгдэхүүн нь шингэний дутагдалд оруулдаг учраас циститийг бүр сэдрээнэ. Хүнсэндээ тарвас, шинэ өргөст хэмх түлхүү хэрэглэх нь тустай.
2. Циститийн шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлмэгц 3 цагийн турш, 20 минутын зайтайгаар хагас аяга ус уу. Энэ нь шээсний замаас бактеруудыг хөөхөд тусална. Хэрэв дан ганц ус уух боломжгүй байвал лемоны шүүс, ургамлын цай ууж болох юм. Мөн цангис жимсний шүүс цистит өвчинд тустай гэх баталгаа бий. Гэхдээ ямар ч шүүс уусан сахрын агууламж багатайг нь сонгоорой.
3. Циститийн шинж илэрсэн үед секс, тампон хоёроос зайлсхий. Үрэвссэн хэсгийг улам шархлуулж болзошгүй.
4. Даарч болохгүй. Бүсгүйчүүд ихэвчлэн доороосоо даарснаас үүдэн цистит сэдэрдэг. Тиймээс даарахгүй, шөнө унтахдаа хөнжлөө сайн зузаал.
5. Нарийн танга, нийлэг дотуур хувцас өмсөхөөс зайлсхийж, даавуун, болж өгвөл шортон биед халгүй дотуур хувцсыг сонгон хэрэглэх хэрэгтэй. Ямар нэг хүйтэн нойтон мөс цас, гантиг сандлан дээр бүү суу. Шээс хүрмэгц давсгаа суллаж байгаарай, шээсээ удаан тэвчвэл цистит дахин сэдэрнэ.