Өвлийн улирал iPhone утастай зарим хүмүүст хэцүүхэн улирал байсаар ирсэн. Та бүхэнд өвөл утсаа унтраахгүй байх аргуудыг хүргэж байна.
Маш хүйтэнд iPhone утасны батарей хөлдөж улмаар цэнэг хурдан дуусах, хангалттай цэнэгтэй байсан ч шууд унтрах зэрэг асуудлууд үүсдэг байна. Тус асуудал нь iPhone утасны сүүлийн загваруудад ч хааяа ажиглагддаг үзэгдэл юм. Мөн бусад брэндийн утаснууд ч энэ асуудалд өртдөг нь манай орны эрс тэс уур амьсгалтай холбоотой.
1. УТСАА ДУЛААН АВЧ ЯВАХ
Хүйтэн цаг уураас шалтгаалан унтардаг учир утсаа илүү дулаан авч явах нь энэ асуудлаас бага ч гэсэн сэргийлнэ.
- Өмдний, куртканы гадна халаасанд, эсвэл нимгэн цүнхэнд авч явахаас татгалзах
- Халаасандаа хийгээд гараараа барьж явах
- Зузаан гэр(кэйс) ашиглах
- Дотор, энгрийн халаасанд хийж авч явах
2. ОНЦ ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД УТСАА ГАРГАЖ ИРЭХГҮЙ БАЙХ
Дулаан газар ортлоо дотор халааснаасаа гаргаж ирэх хэрэггүй. Утсаар ярихдаа чихэвч ашиглаж болох юм.
3. ОНЦ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХҮЙТЭН НӨХЦӨЛД УТСАА УНТРААХ
Утасны цэнэгээ хадгалан үлдье гэвэл хөлдөж унтрах магадлал өндөртэй нөхцөлд утсаа унтраагаарай. Ядаж л Low power mode буюу цэнэг хэмнэх горимыг ашиглаарай.
4. 3G, 4G-Г АШИГЛАХГҮЙ БАЙХ
Утасны цэнэг хангалттай байсан ч 3G, 4G-г асааснаар шууд унтрах тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Мэдээж энэ нь утасны батарей хөлдсөн үед их цэнэг зарцуулах үйлдэл идэвхэжсэнтэй холбоотой. Иймээс хүйтэн нөхцөлд 3G, 4G-г ашиглахгүй байх нь зүйтэй. Үнэхээр ашиглах шаардлагатай болбол дулаан газар орж байгаад утсаа хангалттай дулаан болсны дараа ашиглаарай.
5. POWERBANK АШИГЛАХ
Өвөл хэзээ ч, хаана ч, ямар ч хэрэгтэй чухал үед таны утас унтрах магадлалтай тул танд powerbank эсвэл powercase-ийг ашиглахыг зөвлөж байна. Гэхдээ хүйтэн үед таны powerbank-ны цэнэг ч хурдан дуусах магадлалтай тул мөн л дулаан авч явах нь тохиромжтой. Хэрэв таны утас унтарсан бол дараа нь асаахад ч тустай тул та үргэлж авч явахад буруутахгүй.
6. ХЭРЭВ ТА МАШИНТАЙ БОЛ
Машинтай хүмүүст энэ хүндрэл харьцангуй бага мэдрэгддэг. Тэдгээр хүмүүст утсаа машиндаа удаан хугацаагаар орхихгүй байх, мөн машины цэнэглэгч ашиглахыг зөвлөе.