Л.НАРАНБААТАР: Д.Эрдэнэбилэг “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Admin | 2022-12-21


   Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг нь  "Хөтөл" ХХК-ийн нэр дээр Хөгжлийн банкнаас 340 орчим тэрбум төгрөгийг зээл авчээ. Тэрбээр энэ зээлээсээ ямар ч эргэн төлөлт хийгээгүй юм. Харин түүний энэ өрийг Хөгжлийн банк "Цемент шохой" ТӨХК-иас нэхэмжилж, шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнөөдөр 13:30 цагт болох аж.

Уг асуудалтай холбогдуулан “Цемент шохой” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Л.Наранбаатар дараах мэдээллийг өглөө. 
Тэрбээр "Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч хэрэв "сахал" Д.Эрдэнэбилэгийн өрийг Хөтөлийн үйлдвэрийн 820 гаруй ажилтнаас нэхэмжилж , үйлдвэрийг зээлийн төлбөрт буюу барьцаанд хураан авах нөхцөл байдал үүсвэл энэ шударга бус үйлдэлтэй “Цемент шохой” ТӨХК тэмцэх болно. Мөн Д.Эрдэнэбилэгийн барьсан гэгдээд буй үйлдвэр нь 1 сая тоннын хүчин чадалтай биш 400 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болохыг БНХАУ-ын Барилгын материалын корпорацийн экспертүүд үйлдвэртэй газар дээр нь очиж танилцсаны үр дүнд дүгнэснийг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 500 мянган тоннын хүчин чадалтай 2 үйлдвэр барих байснаас 1-ийг нь барьсан бөгөөд уг үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 400 мянган тонн гэсэн үг. Эндээс харвал, Д.Эрдэнэбилэг 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барина гэчхээд худал хэлж, жижиг үйлдвэр барьсан нь хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлтээр илэрч байна.

Д.Эрдэнэбилэг нь 2015-2021 онд үйлдвэрийг нийт 124.5 тэрбум төгрөгийн алагдалтай ажиллуулсан нь санхүүгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлийн байдлаар цементийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, цэвэр ашгийг бууруулах, татвар, НДШ-ийн өрийг төлөхгүй байх, орон сууц худалдан авах, өөрийн Худалдаа хөгжлийн банкнаас зориуд зээл авч, “Хөтөл” ХХК-д шилжүүлэх, борлуулалтын орлогоос шилжүүлэг хийх гэх мэт арга замаар “Цемент шохой” ТӨХК-д нийт 374.5 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулсан санхүүгийн гүйлгээ, нотлох баримтууд бий. 

Иймд бүх нотлох баримтуудыг АТГ-т өнөөдөр хүлээлгэн өгч, шалгуулах хүсэлт гаргаж,компанид учруулсан хохирлыг нэхэмжилж, зохих түвшний бүх газарт хандахаа мэдэгдсэн" гэлээ. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)