Монголчууд мартчихаагүй бол саяхандаа ковидын үеэр амаржсан эмэгтэйг гэрийн шаахайтай шилбэ нүцгэн гаргаснаас болж Ерөнхий сайд огцорч байв. Энэ бол манай улсад хариуцлага хүлээж, ард түмнээсээ уучлал гуйсан хамгийн том жишээ. Гэтэл өнөөдөр жирэмсэн эмэгтэйг эмнэлэг нь хүлээж авахгүй гэдийж идэр есийн хүйтэнд машиндаа амь тавин байж үрээ гаргалаа. Жаахан л удсан бол тэр эмнэлэг машин хоёрын хооронд хөр цасан дээр төрөх байлаа. Дөнгөж төрж буй нярайд яасан харгис хандана вэ энэ улс. Үг дуугүй буруугаа хүлээх байтал эмч нар нь өрвөлзөж “Аав дүлэлт өгсөн гэдгийг хэлэх ёстой байсан. Буруу мэдээлэл өгсөн” гэж ирээд өөрсдийгөө өмөөрөх тангараг өргөсөн эмч нар яасан хатуу харагдана вэ. Монголын эрүүл мэндийн салбар хүний алтан амийг аврахын төлөө биш арьсаа хамгаалахад анхаардаг болчихоо юу Эрүүл мэндийн сайд аа.
Эсвэл эрүүл мэндийн салбар ингэтлээ доройтчихоо юу С.Энхболд сайд аа. Гэвч Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь таг. Бүхэл бүтэн улсын эмнэлэг жирэмсэн эмэгтэйг өвлийн хүйтэнд эмнэлгийн гадаа төрүүлж байна гээд бодохоор зүрх зүсэгдэх шиг. Монголын мянга мянган жирэмсэн эмэгтэй цаашдаа хаана, хэндээ итгэж амаржих юм бэ. Ялангуяа Нэгдүгээр төрөхийн асуудал анхных биш. Ковидын үеэр амаржсан эмэгтэйг хөл нүцгэн гаргасан гэж эмнэлгийн дарга Г.Баясгалан ажлаасаа чөлөөлөгдөж байв. Тэрбээр өөрийгөө ажлаасаа халагдах зүйл хийгээгүй хэмээн бүр шүүхдэж байсан удаатай. Үүний дараа Ж.Энхцэцэг даргаар очиж ажилчдаа үндэслэлгүй хандсан зэрэг асуудлаас болж халагдсан. Мөн л Засгийн газраас хяналт, шалгалт хийж байгаа хэмээн дуулиан болсон. Үндсэндээ Нэгдүгээр төрөхөд хяналт, шалгалт хийгээд бараг хоёр сар болж байхад дахин хариуцлага байдалтай асуудал гарлаа. Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээлгэх вэ. Салбарын сайд нь гал унтраах зорилгоор эмнэлгийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн болдог. Гэвч өнөө хэд нь шүүхдээд эргээд ирдэг. Дунд нь ард түмэн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод үлддэг байдал манай эрүүл мэндийн салбарт угжирлаа. Үнэхээр л эрүүл мэндийн салбарыг өөд татая гэвэл С.Энхболд сайд та огцорч, чаддаг мэддэг хүнд нь ажлаа хүлээлгэж өгнө үү. Хэдий болтол тэвчиж, хэдэн хүн амь тавихыг харахав дээ...
Д.СҮРЭН