Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 31 хувиар өсч 550 мянган төгрөг боллоо

Admin | 2023-01-02


Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3273 төгрөг 81 мөнгө болж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нд ээлжит бусаар хуралдаж улсын төсөв батлахтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд цалингийн нэмэгдэл дагаж явдаг. Гэхдээ энэ нь 2023 оны төсөвт тусгаад буй төрийн алба хаагчдын 266.2 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдлээс тусдаа гэдгийг ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хэлж байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр дээрх хэмжээний үнээс доош цалин авч байсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг 550 мянган төгрөгөөс дээш болгож нэмнэ.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүн нь Засгийн газар МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллөөс бүрдэж, нийгмийн түншлэлийн асуудлыг зөвшилцлийн аргаар шийддэг юм. Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга төгрөг байсан. Шинэ он гарснаар 31 хувиар буюу 130 мянган төгрөгөөр ийнхүү нэмэгдлээ. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)