УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Тус хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулснаар сонгон шалгаруулалтын үйл явц эхлэх юм. УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг товлон тогтоосон.
Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд шаардлага хангасан нэр дэвшигчдийн жагсаалтыг хуулийн дагуу олон нийтэд өнөөдөр танилцуулах аж.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 195 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 70 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 125 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.