“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас нэмж эзэмшүүлэх төслийг өргөн мэдүүлэв

Admin | 2023-01-03


Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас иргэн бүрд 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн.

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийн хувьцааг иргэдэд нэмж эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнөөдрийн хувьд Эрдэнэс Тавантолгой нүүрсний хулгай гэдэг нэрийн дор цөөхөн хүний баяжих хэрэгсэл болж байна. Харин иргэдэд хүртээлгүй байгаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед шинэ зоримог алхам хийж, шийдвэр гаргахгүй бол цаашид нүүрсний хулгайн асуудлыг ч шийдэж чадахгүй, шинэ жилээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шиг газрын баялгийг иргэд тэгш эрхтэйгээр эзэмших боломжгүй болно. Тиймээс 1,072 хувьцааг нийт иргэдэд нэмж олгосноор нэг хүн 2,522 хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа юм. Ингэснээр жилд нэг хүн ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг авах нь.

2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Иймд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүйгээр эзэмших боломж нээгдэж байна. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах, үүгээр дамжуулан Тавантолгойн хулгайг бүрэн таслан зогсоох ач холбогдолтой.

Засгийн газраас санал авахаар саналаа өргөн барьсан. Ингээд санал орж ирвэл УИХ хэлэлцээд батлагдана” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)