Эх орондоо ирсэн энхийг сахиулагчдаас хумхаа өвчний халдвар илэрч нэг хүн амиа алджээ

Admin | 2023-01-04


  БНӨСУ-д энхийг сахиулаад эх орондоо ирээд байсан 22 настай цэргийн албан хаагч хумхаа өвчний халдвараар амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 21-нд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн манай улсын мотобуудлагын батальоны дөрөвдүгээр ээлжийн цэргийн албан хаагчид эх орондоо иржээ.  Тэгвэл дээрх энхийг сахиулагчдын 7 албан хаагчаас мялар буюу хумхаа өвчний халдвар илэрч, 1 хүн амиа алдаж, 1 хүн эмнэлэгт ухаангүй байна гэсэн мэдээлэл гарчээ.  Амиа алдсан албан хаагчийн тухайд 22 настай бөгөөд  Цэргийн төв эмнэлэгт Эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ. Харамсалтай нь эмнэлэгт хандаад нэг ч хонолгүй  ходоод нь задарч, амиа алдсан байна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “22 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Нэг залуугийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа. 850 хүний бүрэлдэхүүнээ таван ээлжийн онгоцоор татаж авч байгаа. Судан Улсад байхдаа шумууланд хазуулсан цэргийн албан хаагчдаас хумхаан халдвар илрээд байгаа. Талийгаач залуу ходоодны шархтай байсан юм байна лээ. Тэгээд ходоодны шарх нь задраад нас барсан гэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад сар бүр элэг хамгаалах, маляраас хамгаалах эм уулгадаг. Албан хаагчдыг хамгаалах эм, тариаг хангалттай, нормын дагуу хангалтаар өгч байсан. Эмч нар байнгын хяналтад байлгаж, эмийг нь уулгадаг. Үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний ажлыг хүлээлцэж авах, өгөх Ажлын хэсгийнхэн 15 хоног БНӨСУ-д ажиллаад ирсэн. Энэ хүмүүс нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Эм уусан ч, тариа тарьсан шумууланд хазуулбал халдвар авах эрсдэлтэй. Ухаангүй байгаа залуу эх орондоо ирээд 14 хоногийн дараа эмнэлгийн байгууллагад хандсан. Эмнэлгийн байгууллага малярийн тест тавихад халдвар илэрсэн байсан. Биеийн байдал нь хүндэрсэн, дархлаа нь унасан, ухаангүй байна” гэж “Эргэлт.мн” сайтад өгсөн тодруулгадаа дурджээ. Ямартай ч эмнэлгийн байгууллага ухаангүй байгаа албан хаагчид шаардлагатай эмчилгээг хийж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)