35 сая төгрөг завшсан бичээч ламыг 6 сая төгрөгөөр торгожээ

Admin | 2023-01-11


   Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны бичээч лам А.Гансэлэм нь сүсэгтэн олны ном уншуулахаар хандивласан мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, А.Гансэлэм нь кассын бичээчээр ажиллаж байхдаа буюу  2017 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс долдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нь 35.265.400 төгрөгийг хувьдаа завшжээ. Уг зөрчлийг Гандантэгчэнлин хийдийн оруулсан Аудитын шалгалтаар тогтоож, хуулийн байгууллагад мэдүүлсэн байна. Тэгвэл уг хэргийг 2020 онд шүүхээр эцэслэн тогтоож, ял оноожээ. Түүнийг 6 сая төгрөгөөр торгож жилийн хугацаанд барагдуулах ял оноосон байна.

 

Мөнгө завшсан гэх бичээч лам А.Гансэлэм “Би 2017 оны зургадугаар сард Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн ном бичээч ламаар ажилд орсон. Хамгийн анх зургаан өдрийн орлого тушаасан чинь “Хоёр өдрийнх нь байхгүй байна” гэж надад манай мөнгө хурааж авдаг лам Нямдуучамба хэлсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ.Би бүх мөнгийг таньд өгсөн. Та хяналтын камер шүүгээд үз” гэж хэлсэн чинь “Одоо хяналтын камерын бичлэг устаад байхгүй болсон. Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд өнгөрсөн.  Би энэ өдрөөс хойш ямар нэг хэл ам гаргаагүй ажиллаж байгаад 2017 оны зургадугаар сарын 30-наас 2017 оны долдугаар сарын 09-ний өдрийн хооронд ямар нэг орлогын мөнгө тушаагаагүй. Яагаад гэвэл, өглөө оройны ээлж зөрөөд байсан учраас би мөнгөө тушааж чадаагүй. Энэ мөнгийг машиндаа авч явж байгаад  хулгайд алдчихсан. Гэхдээ цагдаад хандаж, асуудал үүсгээгүй. Тэгээд энэ асуудал үүссэн юм. Би нийт энэ бичээчээр ажиллаж байхдаа 15.800.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Тэгээд 2018 оны долдугаар сарын 15-ны өдөр хөлөө хугалаад, долдугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхэд мөнгө хүлээж авдаг хүн байхгүй байсан. Тэгээд сарын дараа хөл эдгээгээд ажил дээрээ ирсэн чинь миний өр 34 сая төгрөг болсон байсан. Би гайхаад Няндуучамба ахаас хуулга гаргаад өг гэж хэлэхэд надад гаргаж өгсөн. Тэгэхэд 34 сая төгрөгийн хохирол гарч ирсэн тэр үед миний орлого бичсэн баримт дээр 2-3 сая төгрөг илүү бичсэн байсан. Уг нь долдугаар сард хүний хөдөлгөөн бага байсан, дээр нь би хөдөө гадаа их явсан учраас өдөр хоёр цаг орчим суугаад явдаг байсан. Би өдөрт 2-3 сая төгрөгийн ном бичиж байгаагүй. Би 15 800 000 төгрөгийг өөрөө авч байгаад алдсан. Би 34 сая төгрөгийг аваагүй, буцаагаад 15 сая төгрөгийг төлсөн одоо надад ямар нэгэн өрний асуудал байхгүй” хэмээн мэдүүлсэн байдаг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)