Ховд аймгийн нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрчээ

Admin | 2023-01-16


Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна.

Ховд аймгийн Алтай суманд өнгөрсөн 11 дүгээр сард 6 өдөр дараалан цас үргэлжлэн орсны улмаас говь хээрийн бүс нутагт 10-15, уулын бүсээрээ 30-80, хунгарласан хэсгээрээ 100-130 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрчээ. Сумын Онцгой комиссоос эдгээр өдрүүдэд хаагдсан зам, давааг нээж, нүүж байгаа малчдад хүн хүчний дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна.

Энэ үеэр малчидтай газар дээр нь очиж уулзан, шаардлагатай зүйлсийг нь шийдвэрлэлээ.

Алтай сумын Бодонч багийн малчин М.Баатар “Манай нутагт хавар хүндрэх төлөвтэй болж байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас цас орж, мал бэлчих боломжгүй болсон. Одоогоор гараас өвс, хорголжин тэжээлээр тэжээж байна. Өвс, тэжээлийн үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, мал, малын түүхий эд үнэгүйдэж байна” гэж байлаа.

Алтай сумд ажиллах үеэрээ Улсын нөөцөөс өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр олгохоор шийдвэрлэж, Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон авто машиныг хүлээлгэн өгсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)