ЭРЭЛ ХХК – БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТ 1 ТӨСӨЛД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
⦁ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
“Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар триестийн бүрэлдэхүүнд байгуулагдсан.
БҮК-1 үйлдвэр нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, “Эрэл” ХХК-ийн эзэмших эрхтэй 20 га газарт байрладаг.
Тус үйлдвэрийг комбинатын Монгол захиргаанд 1991.02.28-нд 27 объектыг тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгсөн бөгөөд 1994.06.20-нд Дэд бүтцийн хөгжлийн яамны барилга, барилгын материалын үйлдвэрийн газар, Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос “Эрэл” ББХК -тай 01 дугаартай гэрээг байгуулан хувьчилсан.
“Эрэл” ХХК нь 2013 оноос тус үйлдвэрийг шинэчлэх зорилгоор ХБНГУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг эхлүүлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 180, 2014 оны 113, 2015 оны 319 дугаар тогтоолуудын дагуу МУХБ-аас 3 удаагийн буюу 14.0 сая ам доллар, 13.1 сая евро, 9.0 сая ам доллар буюу тухайн үеийн албан ханшаар 72.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолоор 6.3 сая ам долларын нэмэлт санхүүжилтийг судалж нягталсны үндсэн дээр шийдвэрлэхийг МУХБ-д үүрэг болгосон бөгөөд Хөгжлийн банкнаас тавигдсан шаардлага нөхцөлийг хангаагүйгээс тус зээлийг олгоогүй болно.
Санхүүжилтээр тус үйлдвэр нь жилд 150,000 м3 бетон эдлэл буюу 5,000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр бий болно гэж тооцсон бөгөөд үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч эргэлтийн хөрөнгө болон томоохон хэмжээний захиалга, үйлдвэрлэл явагдаагүйгээс өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байгаа.
⦁ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
“Эрэл” ХХК нь Б.Эрдэнэбатын эхнэр болох Д.Сэргэлэнгийн нэр дээр 100% эзэмшлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хүү Э.Жаргалан нь гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байдаг болно.
Б.Эрдэнэбатын нэр дээр ямарваа нэгэн хөрөнгө бүртгэлгүй байдаг бөгөөд ТУЗ-ийн дарга албан тушаалтайгаар гэрээ хэлэлцээрт ордог. Уг албан тушаал нь улсын бүртгэлийн холбогдох журамд үүрэг хүлээх зохицуулалтгүй байх тул хийгдсэн гэрээ хэлцэл хүчингүй болдог.
⦁ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ШИЙДВЭР
Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу 2012 онд 14.0 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.
Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банкнаас авах 13,115,000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрч, төслийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Барилга, Хот Байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус даалгасан. Тогтоолын дагуу 2014 онд нийт 13,047,123.50 еврогийн санхүүжилт олгосон. Тус зээлийг аккредитивын гэрээг байгуулан 2014.04.28-с 2019.09.29-ний хооронд 28 удаагийн хэсэгчлэн санхүүжилтээр олгосон.
Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банканд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсний дагуу 2015 онд нийт 9.0 сая ам.долларын зээлийг олгосон болно.
МУХБ-аас Эрэл ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Эрэл ХХК нь 2013.08.20-2014.04.05-ны хооронд 3 удаагийн төлөлтөөр 718.8 мян ам долларын хүү, 7.6 мянган еврогийн хүү төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар ам долларын зээлийн үлдэгдэл 23.0 сая ам доллар, 15.9 сая ам долларын хүү хуримтлагдаад байна. Еврогийн зээлийн үлдэгдэл 13.1 сая евро, 5.1 сая еврогийн хүү төлөгдөөгүй хуримтлагдаад байна. Нийт өрийн үлдэгдэл 39.5 сая ам доллар, 18.3 сая евро буюу 202.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.
⦁ ШҮҮХИЙН МАРГААН
МУХБ-аас БҮК1 төсөлд олгосон 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Эрэл ХХК бол иргэн Б.Эрдэнэбатаас барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар 2020.10.16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 154.4 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлж, 2022.12.31-ний үлдэгдлээр 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад зээлийн өр төлбөрийг бүрэн хангуулах боломжгүй бөгөөд MAD-ийн 2019 оны үнэлгээгээр тус барьцаалсан үйлдвэрийг 42.6 тэрбум төгрөг үнэлсэн хэдий ч тус барьцаалсан 5 үл хөдлөх хөрөнгө нь Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагааг явуулж, барилга орон сууц барих ажиллагааг дангаар хариуцан хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Учир нь үйлдвэрлэлийн туслах үйл ажиллагааны бэлэн бүтээгдэхүүний агуулах, дамжуулах хоолой, түүхий эдийн агуулах, гадна зам талбайн ашиглалт нь Хөгжлийн банкны барьцаанд биш бөгөөд ашиглалт явуулахад хориг саад учрахуйц гуравдагч талд барьцаалагдсан, хөрөнгийн маргаантай нөхцөл байдалтай байна.
Шүүхийн ажиллагаа 26 удаа хойшилсон бөгөөд Эрэл ХХК-иас нэмэлт нотлох баримт гаргуулах, төрийн байгууллагаас тодруулга авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч солих, хэргийн материалтай танилцах, хариуцагч өвдөх, гадаадад эмчилгээнд явах, шүүгчээс татгалзах, уг татгалзсан хүсэлтээсээ татгалзах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байна.
Шүүх хурал Нийслэлийн прокурорын газраас Ш.Одонсүрэн прокурор Төрийг төлөөлж, улсад хохирол учирсан үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцож байна.
Шүүх хурлын тов 2023.01.27-нд товлогдсон болно.
⦁ БАРЬЦАА ХӨРӨНГӨ
МУХБ болон Эрэл ХХК-ийн хооронд байгуулсан 3 зээл, санхүүжилтийн гэрээтэй холбогдуулан байгуулсан Барьцаа хөрөнгийн мэдээллийг дор харуулав.
Үүнд:
⦁ 2013.08.16-ны өдөр байгуулсан З-БҮК-ХО 2013-143 тоот “Зээлийн гэрээ” -ний 14.0 сая ам долларын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013.08.16-ны өдрийн № Б-БҮК-ХО 2013-144 тоот “Барьцааны гэрээ” мөн № Б-БҮК-ХО 2013-145 тоот “Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ”-гээр 25.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг барьцаалсан. Үүнд 1.7 тэрбум төгрөгийн шинээр худалдан авах тээврийн хэрэгслийг барьцаалах гэрээ хэрэгжээгүй.
⦁ 2014.04.28-ны өдөр байгуулсан № З-БҮК-ХО 2014-49 тоот “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ” болон А-БҮК-ХО 2014-50 тоот “Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 13.1 сая еврогийн зээлийн үүргийн гүйцэтгэлд 2014.04.28-ны өдрийн № Б-БҮК-ХО 2014-51 тоот “Ипотекийн гэрээ”, № Б-БҮК-ХО 2014-52 тоот “Барьцааны гэрээ”, № Б-БҮК-ХО 2014-53/762 тоот “Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ”-г, мөн иргэн Б.Эрдэнэбаттай № Б-БҮК-ХО 2014-54 тоот “Батлан даалтын гэрээ”-г байгуулсан. Тус барьцааны гэрээнүүдээр өмнөх 2013 оны барьцаалсан хөрөнгүүдийн үнэлгээг зээлийн санхүүжилтээр өртөг нэмэгдсэн гэж үнэлэн, шинэчилсэн үнэлгээгээр буюу 52.3 тэрбум төгрөгөөр барьцаалсан. Мөн ирээдүйд бий болох эргэлтийн хөрөнгө 319.0 сая төгрөг, шинээр худалдан авах тээврийн хэрэгслийг барьцаалсан хэдий ч хэрэгжээгүй.
⦁ 2015.10.14-ний өдөр байгуулсан № З-БҮК-ХО 2015-82 тоот “Зээлийн гэрээ”-ний 9.0 сая ам долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд № Б-БҮК-ХО 2015-83 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан ирээдүйд бий болох 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалан санхүүжилтийг олгосон байна.
Дээрх барьцааны гэрээнүүдээр БҮК 1 төслийн 5 үл хөдлөх хөрөнгө бодитоор барьцаалагдаж улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн хэдий ч “Эрэл” ХХК-иас тус барилгуудын дор орших газруудыг барьцаалаагүй байсан бөгөөд 2020.01.07-ны өдрийн нэмэлт барьцааны гэрээгээр тус газруудыг барьцаалан, газрын албан бүртгүүлэн баталгаажуулсан.
Нэгтгэсэн байдлаар барьцаа хөрөнгийг авч үзвэл барьцааны гэрээнд тусгагдсан дүнгээр 5 үл хөдлөх хөрөнгийг 20.2 тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийг 29.3 тэрбум төгрөгөөр буюу бодит барьцааг 49.6 тэрбум төгрөгөөр барьцаалсан. Харин бусад ирээдүйд бий болох хөрөнгө, дансны орлого, шинээр худалдан авах тээврийн хэрэгслийн гэрээ болон батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэл хангуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
⦁ ЗЭЭЛД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ӨМНӨХ АРГА ХЭМЖЭЭ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 19 дүгээр тогтоолоор өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, Эрэл ХХК-ийн зээлийн асуудлыг шийдвэрлэх боломж, БҮК1 үйлдвэрийг ашиглан бүтээн байгуулалт хийх замаар өр төлбөрийг төлүүлэх саналыг танилцуулахаар ажилласан.
Ажлын хэсгийн хуралдаанаар Өрийг хувьцаанд хөрвүүлэх замаар хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшил хамтарсан компанийг 67:33%-ийн эзэмшилтэйгээр байгуулж, засгаас нэмэлт санхүүжилт гаргах, гэр хороолол дахин төлөвлөлтийн хүрээнд Эрэл ХХК-д батламжилсан 2 газарт орон сууц барих, худалдан борлуулах, зээлийн эргэн төлөлтийг хангуулах саналыг дэвшүүлсэн хэдий ч Сангийн сайдаас тус зээлийг чанаргүй зээл төлүүлэх ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагаар дамжуулан төлүүлэх саналыг ирүүлсэн.
МУХБ-ны гүйцэтгэх захирлын хүсэлтээр ЗГХЭГ-ын даргаас 2019.09.04-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт хандан төрийн ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлээр Эрэл ХХК-д олгосон зээлийн өр төлбөрийг төлүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн прокурорын газар ажлын хэсэг байгуулагдан, шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна.
⦁ ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Эрэл ХХК-иас шүүх ажиллагааг удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, удаа дараа шалтаг гарган зугтааж өнөөдрийн байдлаар 26 удаа шүүх хурал хойшлоод байна. Хурлын тов 2023.01.27-нд товлогдсон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ 49.6 тэрбум төгрөг бөгөөд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа хангагдахгүй.
Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлээр уг БҮК1 үйлдвэрийг худалдан борлуулах, ашиглах нөхцөл уг үйлдвэрийн бусад хэсгийн байгууламж болон гадна зам талбай нь бусад арилжааны банканд барьцаалагдсан байдаг тул үйлдвэрийг дангаар нь ажиллуулах боломжгүй бусад барьцаалсан арилжааны банкнуудтай хэлцэл хийх шаардлагатай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө