МҮХАҮТ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)”-тэй хамтран, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төсөл хэрэгжүүллээ. Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл нь дэмжигдэж, амжилттай хэрэгжив.
“Жинст мөрөн” ХХК нь 2007 оноос түүхий эд бэлтгэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2009 оноос сарлагийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр улам өргөжүүлсэн байна. Малчдын хувьд хаягдал түүхий эд байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна. Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төслийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүнийхээ гүйцэтгэн боловсруулалтын тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Испани улсад үйлдвэрлэсэн, бүрэн автомат угаалгын машин, хатаагч, уурын индүүтэй болсноор угаах, хатаах хэсэгт хүний оролцоог халсан бол индүүдлэг хийх цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадсан байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн шатанд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний чанар, стандарт сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой. Түүнчлэн, төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.
Тус компанийн хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладгаас гадна МСҮТ-ийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөлөөр хангадаг. Мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчид, малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг бөгөөд нийт 3000 гаруй малчин өрхтэй хамтран ажилладаг байна. Малчид, малчдын хоршоодыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж, техникийн заавар, зөвлөгөө авч ажиллаж иржээ. Цаашид бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө