Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа.
Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2-4 жил ажиллаж байгаа багш нарыг арга зүйн сургалтад хамруулж, сургалтын арга барилыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12-р сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 20 гаруй сургууль ачаалал, даац хэтэрсэн байна. 153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга хэллээ. Боловсролын салбар анх удаа сургуулиудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар суулгасан байна. Ингэснээр сургуулиуд шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаа төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс авах боломжтой болжээ. Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм. Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтойг Б.Амартүвшин тодотголоо.
Товчхон:
- Нийслэлийн Боловсролын газартай Нийслэлийн биеийн тамирын газар, соёл урлагийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЖАЙКА, КОЙКА ОУ-ын байгууллага болон нийтийн тээвэр, эрүүл мэндийн газартай Нийслэлийн Боловсролын газар хамтран ажиллах ажиллагааг Хүний хөгжлийн хороо дэмжин ажиллаж, уулзалт зохион байгуулахаар боллоо.
- “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн болзол хангасан иргэн, ААН-ийн нэрийг Хүний хөгжлийн хорооны гишүүд дэмжлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө