Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө.
Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч оролцов.
Ёслолын үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү:
-Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг өндөр хариуцлага юм. Иймээс ажилдаа сэтгэл гаргаж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, итгэл дааж ажиллах ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилга, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв.
Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:
-Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, НЗДТГ, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил энэ ёслол болоогүй. Тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг хэмээлээ.
Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа.
НЗДТГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Солонго:
-Өнөөдрөөс эхлээд төрийн жинхэнэ албан хаагч болж буйдаа маш баяртай байна. Монгол хүн болж төрснийхөө хувьд улс, нийгэм, иргэдийнхээ төлөө чадах бүхнээ дайчлан, чин шударгаар ажиллана гэж боддог учраас би энэ ажлыг сонгосон. Өнөөдөр хамтдаа тангараг өргөсөн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье гэлээ.
НЭМГ-ын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Ербахыт:
-Би эмч мэргэжилтэй. Одоогоос 10 жилийн өмнө эмчийн тангаргаа өргөж байсан бол өнөөдөр төрийн албан хаагч боллоо. Ингээд хос тангарагтан болж байна. Өвөө маань төрийн албанд ажиллаж, төр түмнийхээ төлөө олон жил зүтгэсэн хүн. Өнөөдөр өвөөгийнхөө залгамж болж, төрийн албанд зүтгэхээр тангараг өргөсөндөө сэтгэл догдолж байна гэв.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Азжаргал:
-Би төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, энэ албанд томилогдсон. Энэ хүндтэй, бас хариуцлага хүлээлгэсэн ёслолд оролцоод улам бүр ажлаа шударга, хичээнгүй, нэр төртэй хийх урам авч байна. Их сайхан мэдрэмж төрлөө. Би нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллаж буйгаараа бахархдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Цэрэнбат:
-Би даатгалын эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст зургаа дахь жилдээ ажиллаж байна. Тангараг өргөх ёслолоо хүлээж догдолж байсан. Төрдөө үнэнчээр зүтгэж, иргэдэд үйлчилж, хүмүүсийн тусын тулд ажиллахыг хүсдэг, цаашдаа ч ажлаа сайн хийнэ. Надтай хамт тангараг өргөж буй нийт албан хаагчдадаа амжилт хүсье гэсэн юм.
НЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дөлгөөн:
-Би 2022 оны арваннэгдүгээр сард төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, өнөөдөр ингээд тангаргаа өргөж байна. Төрийн жинхэнэ албан хаагч болсон гэдэг утгаараа бахархах, бас хүндэтгэх мэдрэмж төрлөө гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө