Л.ЭНХ-АМГАЛАН: 1000 инженер хөтөлбөрийн 2 дахь төслийг эхлүүлнэ

Admin | 2023-02-07


Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд К.Нагаокатай уулзлаа.

Монголд хувийн хэвшлийн 2, ШУТИС-ын харьяанд 1 Коосен хөтөлбөртэй сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ 3 сургуульд 1000 орчим сурагч суралцаж байна.

Цаашид Япон Улстай хамтран манай орны онцлогт тохирсон мэргэжлээр одоо байгаа 40 орчим МСҮТ, Коллежид Коосен хөтөлбөрийг хэрэгжүүлж инженер, техникийн мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавина. Япон Улсаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Коосений төлөөлөгчийн газрыг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулахыг хүслээ.

Мөн Хөдөө аж ахуйн чиглэлээр Япон Улсын Ибараке мужийн Намегата хотод Монгол оюутнуудыг сургаж, эндээ дадлага хийх, цалинтай ажиллаж сайн туршлага хуримтлуулж эх орондоо ажиллах боломжийг судалсан.

Тус хотын захирагчийн хамт Монгол оюутнуудыг сургах боломжтой Сургууль, дотуур байр, обьект үзсэн талаараа хатагтай К.Нагаокад хэлсэн. Цар тахлын үед Японд суралцах Монгол оюутны тоо эрс буурч, одоогийн байдлаар 2600 орчим оюутан манайхаас суралцаж байна.

Энэ тоог нэмэгдүүлж, 2027 он хүртэл цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр талын хэрэгжүүлсэн 1000 инженер хөтөлбөр хэрэгжээд дууссан. Одоо тус хөтөлбөрийн 2 дахь төслийг эхлүүлэх санал тавилаа.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг хийхэд Япон Улстай хамтарч сайн туршлагыг нь судалж ажиллах нь маш зөв сонголт. Япон Улс манай Алсын хараа, Шинэ сэргэлтийн бодлого шиг "Японы ирээдүйг цогцлоох бодлого" хэрэгжүүлж эхэлжээ. Яг энэ цаг үед Япон Улс төсвөө хэлэлцэж байна. Тэр дундаа улсын төсвийн хамгийн том багц нь боловсролд зориулагддаг. Манайх ч ижил.

Гэхдээ хоёр орны шинжлэх ухаанд зардаг төсөв тэнгэр газар шиг ялгаатай. Энэ талаар сайдын хувьд УИХ-ын байнгын хороо, УИХ-ын чуулганд мөн ч их хэлж, ярих юм. Ярьсаар ч, сануулсаар ч байх болно. К.Нагаока сайдад манай сайн инновац бүтээсэн гарааны компаниудын бизнес төслүүд дээр хамтарч ажиллах санал тавьсан.

Мөн АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийг Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбор бүхий шинэ менежмент, хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэлж, хоёр тал хамтарч ажиллахаар боллоо.

Ер нь хоёр улс боловсролын салбарт Боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлэхэд бодитой хамтран ажиллах ёстой. Ойрын 3 жилд боловсролын чанартаа мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Япон Улсын туршлага, сайн загварыг судлах учиртай.

К.Нагаока сайдын зүгээс манай боловсролын салбарт бүх талаар хамтран, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлж, томоохон санхүү, хөрөнгө оруулалтын төслүүдээ Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээнд тулгуурлаж, Жайка байгууллагаар хэрэгжүүлэх нь зөв гэдэг дээр санал нэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)