-Нуранги дор амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар багассаар-
Турк болон Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 9500-д хүрлээ. Газар хөдлөлт болоод гурван хоног өнгөрч байгаа ч, нуранги дор амьд үлдсэн хүмүүсийг олж аврах найдвар улам багассаар. Тиймээс нас барсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой болж байна. AFP агентлагийн мэдээлснээр, Турк улсад амь үрэгдсэн хүний тоо 6957-т хүрсэн бол, Сирид 2547 хүн амиа алдсан гэнэ. Харин зарим эх сурвалж Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3000-д хүрсэн гэж мэдээлэв. Энэ тоо эцсийнх биш бөгөөд нурангин дор хүмүүс байсаар байгаа учраас цаашид ч өсөх болно. Өвлийн хүйтэн нуранги дороос амьд хүмүүсийг аврах боломжийг улам багасгаж буй. Мөн Турк улсад гэхэд шархадаж, гэмтэж бэртсэн хүний тоо 40 мянгад хүрсэн тухай Дэд ерөнхийлөгч Фуат Октай лхагва гарагт мэдээлэв.
Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотоос холгүй газарт өнгөрсөн даваа гарагт шилжих шөнө 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнээс хэдхэн цагийн дараа 7.5 магнитудын хүчтэй дахин газар хөдлөлт болсон аж. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ удаагийн гамшгийг 1939 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж нэрлээд, хоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл улс орон даяар гашуудал зарлав. Үүнээс гадна Туркийн төрийн тэргүүн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал тогтоожээ. Тус улсын нийт хүн ам 85 сая байгаагаас 13 сая нь газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн байна.
Сирийн иргэний дайны улмаас гамшиг улам даамжирсаар
Сирид олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас гамшиг улам даамжирч, газар хөдлөлтийн улмаас олон барилга аль хэдийн эвдэрч, нурсан байна. Иргэний дайнд нэрвэгдсэн Сирид олон газарт аврагчид болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хүндрэл учирсан. Түүнчлэн Туркийн өмнөд хэсэгт Сирийн олон мянган дүрвэгчид амьдардаг. Тэд түр баригдсан болон хуучин эвдэрсэн барилга байшинд толгой хоргодож байв. “Нэг гамшиг нөгөөгөөр давхцсан” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын гүйцэтгэх захирал Натали Робертс ВВС-д ярьжээ. Тэрбээр, “Туркийн энэ хэсэгт, Газиантеп зэрэг газруудад Сирийн сая гаруй дүрвэгч байгаа. Тэд ихэвчлэн удаан эдэлгээтэй биш чанаргүй баригдсан эсвэл хуучин орон сууц, байшинд амьдардаг. Энэ бол сүйрэлд хүргэж буй бас нэг гол хүчин зүйл” хэмээв.
Гамшгийн менежментийн мэргэжилтэн профессор Люси Истхоуп ВВС-д өгсөн ярилцлагандаа, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахыг хүссэн иргэд эд зүйл биш мөнгө илгээхийг зөвлөж байна. “Энэ мөчид хамгийн чухал бөгөөд хэрэгтэй зүйл бол мөнгө юм. Улс орнууд болон Засгийн газар, хүмүүнлэг буяны төрийн бус байгууллагууд гээд бүгдээрээ чадах бүхнээрээ тусалдаг. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст зөвхөн одоо гэлтгүй ойрын жилүүдэд хэрэгтэй зүйл бол мөнгө” гэж Люси ярьж байна. Тухайлбал, Турк болон Сириэс хол байгаа улс орнуудад дулаан хувцас цуглуулах нь ашиггүй байх магадлалтай.
НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн зохицуулагч асан Ян Эгеланд Сири улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзээд, Башар Асад болон сөргөлдөгч талын аль алинд ч мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ. “Бүх тусламж зөвхөн НҮБ-ын салбараар дамжиж Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжих ёстой” хэмээн Ян Эгеланд хэлэв.
Дэлхийн олон орон аврах багаа илгээжээ
Газар хөдлөлтөд өртсөн бүс нутаг руу аврагчдын багийг илгээсээр байгаа. Дэлхийн олон орон Турк улс руу тусламжийн гараа сунгаж, тийшээгээ аврагч, эмч нараа илгээж, хамгийн хэрэгцээтэй зүйлийг явуулаад эхэлсэн. Туркийн “Cumhuriyet” сонинд бичсэнээр, Адыяман, Хатай болон Кахраманмараш зэрэг гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн хотууд руу аврагчдын багийг илгээсээр байгаа гэнэ. Тэнд 4000 гаруй машин техник болон 60 мянга орчим хүн аврах ажиллагаанд оролцож байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй орноос 2400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах баг болон 100 орчим үнэрч нохой, мөнгөн тусламж, шаардлагатай дэмжлэг үзүүлж байна. Манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг болон эмч нарын бүрэлдэхүүн өнөөдөр үүрээр Туркийг зорьсон. Мөн аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч хоёр нохой багтжээ. Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа, бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна. Мөн АНУ, ОХУ, БНХАУ гээд дэлхийн хүчирхэг гүрнүүд ч Турк руу аврагчдаа илгээжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хоёр баг Туркт газарджээ. Тэд Туркийн өмнөд хэсгийн Адъяаман мужид аврах, эрэн хайх ажиллагаа явуулах юм. Тодруулбал, 79 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийг 12 үнэрч нохой, цементэн хана нураах тоног төхөөрөмж гэх мэтийн хамт илгээжээ. ОХУ Сири улсад 300 алба хаагчаас бүрдсэн 10 нэгжээ илгээж, аврах, эрэн хайх ажиллагаанд тусалж байгааг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Тус улсад үүрэг гүйцэтгэж буй Оросын цэргийн онгоцуудыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ашиглаж байгаа аж. Турк улс руу хоёр онгоцоор 100 алба хаагч илгээсэн гэж "ТАСС" агентлаг мэдээлжээ. Хятад улсын Улаан загалмайн нийгэмлэгээс Турк, Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан тус бүр 200 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Мөн 40 сая юанийн өртөг бүхий яаралтай тусламжийн эхний хэсгийг өчигдөр Турк руу илгээсэн бол Сири рүү аврах багаа илгээх гэнэ. БНХАУ-ын Онцгой байдлын сайдын мэдээлснээр аврах ажиллагааны 82 хүнтэй баг өчигдөр Турк рүү нисчээ.
Түүнчлэн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс Сирийн Алеппо хотын эмнэлэгт 100 хүнийг эмчилж хүрэхцүйц мэс заслын хэрэгсэл илгээсэн байна. Мөн лаазалсан хүнс, бүтээлэг, гудас зэрэг хоргодох газруудад шаардлагатай зүйлсийг илгээсэн гэв. Европын холбооноос Туркт онцгой байдлын газрын зураглалын үйлчилгээ үзүүлэхийн тулд Коперникийн хиймэл дагуулын системийг идэвхжүүлсэн. Тус холбооны багадаа 19 орноос Туркт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Аврах багаа илгээж, мөнгөн тусламж үзүүлж буй орнууд:
Монгол, АНУ, Их Британи, ОХУ, Мексик, Итали, Шинэ-Зеланд, Хятад, Тайвань, Албани, Финланд, Украин, Израиль, Палестин, Грек, Ливан, Ливи, Испани, Герман, Өмнөд Солонгос, Пакистан, Энэтхэг, Швейцарь, Чех, Япон, Австри, Польш, Румын, Хорват, Серби, Монтенегро, Молдав, Франц, Йордан, Иран, Египет, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Азербайжан.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө