Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд хамгийн их сүйдсэн Хатай мужид очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тус мужид 3300 гаруй хүн нас барсныг тогтоогоод байгаа бөгөөд орон сууцны хорооллууд бүхлээрээ нуржээ. Мужийн оршин суугчид засгийн газраас тусламж үзүүлэхдээ удаан байгааг шүүмжилжээ. Харин Эрдоган аврах ажиллагаанд алдаа доголдол гарч байгааг хүлээн зөвшөөрөөд Хатай нисэх буудлын онгоцны замууд газар хөдлөлтөд сүйдсэн учраас тусламж хүргэхэд хүндрэл учирч байгааг тайлбарлажээ. Эрдоган газар хөдлөлтөд хамгийн их өртсөн өмнөд хэсгийн нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцах үеэрээ Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр энэ үеэр "Ийм хэмжээний гамшигт бэлэн байна гэдэг боломжгүй" гэжээ.
Турк, Сирийн нутагт газар хөдлөлтөд олон мянган барилга нурсан бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 50 шахам улсаас аврах багаа үнэрч нохдын хамт Турк улс руу илгээсэн боловч туркчууд аврах, эрэн хайх ажиллагааг удаашралтай байгааг шүүмжилж, бухимдаж байна. Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед ашиглахаар иргэдээс хураасан "газар хөдлөлтийн татвар"-тай. Тиймээс Туркийн Ерөнхийлөгч байгалийн гамшигт урьдчилан бэлдэх боломжгүй гэж мэдэгдсэн нь туркчуудын бухимдлыг төрүүлжээ. Өмнө нь Истанбул хотын ойролцоо 7.4 магнитуд газар хөдөлснөөс 18 мянга орчим хүн амь үрэгдэж байв. Харин НҮБ-аас тооцоолсноор энэ удаагийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 20 мянгад хүрнэ гэж тооцоолжээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө