Турк улсад тохиосон газар хөдлөлтийн гамшгаас болж 10 мужид багадаа 6000 орчим барилга нурж, сүйджээ. Барилгууд хормын дотор нуран унахад оршин суугчид нь гарч амжаагүй учраас маш олон хүн дарагдсан. Газар хөдөлснөөс хойш таван өдөр өнгөрөхөд амь үрэгдэгдсийн тоо 21 мянгыг даваад байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс даяар гурван сарын онц байдал зарлан аврах ажиллагааг олон улсын тусламжтай явуулж байгаа бөгөөд хохирогчдын дурсгалыг хүндэтгэн орон даяар долоо хоногийн гашуудал зарласан. Аврах ажиллагаанд Туркийн талаас 25 мянга орчим хүн ажиллаж байгаа бол 50 гаруй улсаас аврагчдаа илгээсэн.
Монголоос илгээсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийнхан тэнд ажиллаж байгаа. БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар өчигдөр (2023.02.09) таван хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр манай аврагчид нийт найман хүнийг (2023.02.08-ны өдөр 3 хүн) эсэн мэнд нурангиас гаргаад байна. Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний (4 нь хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Турк улс одоогоор дэлхийн 95 улс орноос тусламж үзүүлэх санал аваад байна гэж тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Авран хайх ажиллагаанд гадаадын нийт 6.5 мянга орчим аврагч ажиллаж байна. Олон улсын “Fitch” агентлагийн тооцооллоор, Турк улс газар хөдлөлтийн улмаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүгийн хохирол амсаад байна. Газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах олон улсын штабын бүрэлдэхүүнд 11 улс оржээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө