АНУ-ын сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй. Энэ тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Америкийн боксчид дэлхийн аваргыг бойкотлох хэд хэдэн шалтгаан бий. Тэд ОХУ болон Беларусийн шигшээ баг өөрсдийн далбаан дор ДАШТ-д оролцох ба тэмцээний шүүлтийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгааг онцолжээ. Түүнчлэн Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ерөнхийлөгчөөр Умар Кремлев сонгогдсон нь эргэлзээтэй гэж үздэг. АНУ-ын сонирхогчдын боксын холбоо бусад орнуудыг ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзах хэрэгтэй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар Финландын эмэгтэй баг оролцохгүйгээ зарласан байгаа ч цаашдаа барууны олон орон бойкот зарлах магадлал өндөр байна. ДАШТ-д оролцохгүй байлаа гээд тамирчдын Парис-2024 олимпын эрхэд нөлөө үзүүлэхгүй. Учир нь олимпын боксын тэмцээнийг ОУОХ өөрсдөө зохион байгуулах болсон.
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогддог. Энэ жилийн хувьд эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдана. Харин эмэгтэй ДАШТ гуравдугаар сарын 15-31-нд Нью-Дели (Энэтхэг) хотод болох юм. ДАШТ-ий шагналын сан тун өндөр, 5.2 сая ам.доллар. Дэлхийн аварга боксчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медальт 50 мянган ам.долларын шагналтай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө