Нохой ч гэсэн сэтгэл гутралд ордог...

Admin | 2023-02-12


   Турк, Сирид өнгөрсөн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга нурж, 30 гаруй мянган хүний амь үрэгдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар тэнд ажиллаж буй. Аврах ажиллагаанд эрэлч нохой онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. 
Тусгайлан бэлтгэгдсэн эрэлч ноход өнөөдөр дэлхийн өнцөг буланд хүнд хэцүү эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог. Газар хөдлөлт, террорист ажиллагаа болон янз бүрийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн барилгын нуранги дороос олон мянган хүнийг аварсан ноходын тухай домог яриа их бий. Нохой аврагч-мөрч болж “ажил хийж” эхлээд 300 гаруй жин өнгөрчээ. Нохойн тусламжийг хамгийн анх Альпийн нурууг амьдарч байсан лам нар ашиглаж байсан гэдэг. Сенбернар үүлдрийн нохойг Швейцарь болон Италийн хоорондох өндөр уулсыг эзэгнэх гэж байгаад төөрсөн аялагчдыг эрэн хайхад сургаж байжээ.  


Эрэлч ноход хүмүүс хаана байгааг үнэрээр нь илрүүлдэг аж. Судлаачдын мэдээлснээр, эрэн хайх, аврах албаны нэг нохой гэхэд 20-30 мэргэжлийн мөрчийн ажлыг гүйцэтгэж чаддаг гэнэ. Зарим нохдын үнэрлэх мэдрэмж хүнийхээс 100 сая дахин хурц байдаг гэнэ. Эрэлч нохой нэг өдрийн дотор нэг ам дөрвөлжин км газрыг үнэрлэж судалж чаддаг байна. Тэд үүлэрхэг өдөр, шөнийн цагаар холын үнэрийг илүү хурдан илрүүлдэг. Дэлхий дахиныг гайхашруулсан үйл явдлын нэг бол 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист ажиллагааны дараа хүмүүсийг аварсан 300 нохойн тухай домог. Герман овчарк, ротвейлер, лабрадор, доберман үүлдрийн ноход цагдаа, гал сөнөөгч, аврагчидтай хамтран газартай тэгширч нурсан хоёр цамхагийн нуранги дор үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон. Гэдэс нь өлсөж, ядарсан ч өөрсдийн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг зарим нохдод аюултай өвчин туссан. Нуранги дор найман цагийн турш ажилласан Сервус нэртэй бельги овчарк зүрхний шигдээсээр өвчилсөн байна. Хүний үнэр гарсан зүг рүү гүйх гэж байгаад халуун төмөр тавцан руу үсэрсэн Брутус нэртэй герман овчаркын хоёр хөл нь түлэгджээ. Сириус нэртэй бас нэг аврагч нохой хойд цамхагийн дотор шатаж байсан жижигхэн өрөөнд таван цаг түгжигдэж амиа өгсөн. Амьд үлдсэн ихэнх ноход дараа нь амьсгалын замын хавдраар үхжээ. Эпидомиологич нарын таамгаар, тэдгээр ноход аврах ажиллагааны явцад илүү их хорт хийгээр амьсгалсан байна. Судлаачдыг гайхашруулсан бас нэг явдал бол аврагч нохдын ихэнх нь тухайн үйл явдлын үеэр байнгын стрессээс болж сэтгэл гутралд орсон гэдэг. Учир нь ноход удаан хугацааны турш амьд хүмүүс олж чадалгүй, зөвхөн амиа алдсан хүмүүсийн цогцостой таараад байжээ. Энэ нь эрэлч нохойг стресст оруулж, зарим нь хүмүүсийг эрэн хайхаас татгалзахад хүргэсэн аж. Нохой ч гэсэн эмгэнэн гашуудаж, гамшгийг биеэрээ мэдэрч байжээ...

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)