Долоо хоногийн өмнө Турк, Сирийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 35 мянгад хүрлээ. Нас барагсдын 30 мянга орчим нь Туркт, 5000 гаруй нь Сирид байна. Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октай амь үрэгдсэн хүний тоо 30 мянгад хүрсэн гэж мэдэгджээ. Сирид нас барсан хүний тоо 5000-д хүрснийг “Al Jazeera” улмажлав. Түүнчлэн шархадсан хүний тоо хоёр улсад нийлээд 100 мянгад дөхжээ. Мөн олон зуун мянган хүн гэр оронгүй болж, тэднийг нүүлгэж шилжүүлээд байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 орноос аврагчид болон эмч нар оролцож буй. Нуранги дор үлдсэн хүмүүсийн тухай мэдээлэл тасрахгүй цуварсаар. Олон хоног өнгөрсөн ч барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүс олдсоор байна. Тухайлбал өнгөрсөн ням гарагийн өглөө эрт Хатай мужид нуранги дороос долоон сартай хүүхдийг аварсан тухай Туркийн TRT суваг мэдээлжээ. Уйлах чимээгээр нь 140 цаг нуранги дор байсан нялх хүүг аврагчид олсон байна.
Турк улсын хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид чанаргүй барилга барьсан хэрэгт холбоотой нийт 131 сэжигтнийг шалгаж эхэлсэн бөгөөд тэднээс 113-ыг нь баривчлах шүүхийн шийдвэр гарсныг Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдээлжээ. Гамшгийн бүс нутагт нийтдээ 133.000 барилгыг шалгахад 12.617 нь нурсан буюу ноцтой гэмтсэн болохыг тогтоосноо Туркийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлсэн байна. Мөн “дайны хажуугаар даажин” гэгчээр хулгай болон тонох хэрэг үйлдсэн 50 хүн баривчилжээ. Ерөнхийлөгч Р.Эрдоган “тэд ял шийтгэлээс мултарч чадахгүй” гэж мэдэгдсэн аж.
Газар хөдлөлтийн улмаас Турк улсын эдийн засагт 84 тэрбум ам.долларын хохирол учраад байна гэж “Bloomberg” мэдээлэв. “Хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын эдийн засаг 84 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх алдагдал хүлээх болно” гэж “Bloomberg”-ээс гаргасан мэдэгдэлд онцолжээ. Туркийн Бизнес эрхлэгч, ажил хэрэгчдийн холбооны гаргасан тооцооллоор нурж, сүйдсэн орон сууцны хохирол 70.8 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс гадна гамшгаас болж тус улсын төсвийн алдагдал 10.4 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байна гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө