Кипр улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Никос Христодулидис өнгөрсөн ням гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулсан байна. Саналын хуудсын 99.5 хувийг тоолсны дараах байдлаар Н.Христодулидис сонгогчдын 52 хувийн дэмжлэгийг авчээ. Түүний өрсөлдөгч НҮБ-д суудаг Кипр улсын байнгын төлөөлөгч асан Андреас Маврояннис 48 хувийн санал авч, ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Консерватив улстөрч Н.Христодулидис сонгуулийн эхний шатанд 32, зүүний хүчний дэмжлэгтэй А.Маврояннис 29.6 хувийн санал авч, аль нэг нь 50 хувийг давж чадаагүй учир хоёр дахь шатанд тунаж үлдсэн. Эхний шатанд дээрх хоёр улстөрчтэй барууны “Ардчиллын цуглаан” (DISY) намын тэргүүн Аверофа Неофиту хүчтэй өрсөлдсөн аж. DISY нам эхний шатанд нэр дэвшигчдээ ялагдсаны дараа хэнийг дэмжихээ шийдэж чадаагүй нь шийдвэрлэх санал хураалтын дүнг улам бүр тааварлашгүй болгожээ.
Сонгуульд зөвхөн Киприйн грекүүд оролцжээ
2004 онд Европын холбооны гишүүн орон болсон Бүгд Найрамдах Кипр улсын Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар сонгодог. Төрийн тэргүүн тус улсын засгийн газрыг байгуулж, тэргүүлдэг аж. Таван жилийн хугацаатай сонгогдоно. Одоогийн төрийн тэргүүн Никос Анастасиадис 2013 онд албан тушаалаа хашиж байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар тэрбээр гурав дахь удаагаа сонгогдох эрхгүй.
1974 онд Турк улс Киприйн хойд хэсгийг эзэлж, Умард Кипр Туркийн Бүгд Найрамдах улс хэмээн тунхагласан. Дэлхийн хамтын нийгэмлэг уг эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрдөггүй. Кипрын хуваагдлыг арилгах гэсэн НҮБ-ын олон удаагийн оролдлого хүчин чармайлт амжилт олж чадаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн 560 орчим мянган Киприйн грекүүд оролцсон байна. Харин хүлээн зөвшөөрөгдөөгүй Умард Киприйн Туркийн Бүгд Найрамдах улсын оршин суугчид санал өгөөгүй аж.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө