“Credit Suisse” банкны дансанд байсан ОХУ-ын 19 тэрбум ам.долларыг битүүмжилжээ

Admin | 2023-02-13


Швейцарийн “Credit Suisse” банк ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Кремлийн 17.5 тэрбум орчим франкийн (ойролцоогоор 19 тэрбум ам.доллар) активыг битүүмжилсэн гэж мэдээлэв. Уг мэдээллийг “Tages-Anzeiger” сонин ням гарагт нийтэлсэн байна. Мэдээллээс харахад, Швейцарь дахь ОХУ-ын нийт активын хэмжээ ойролцоогоор 46 тэрбум франктай тэнцдэг гэнэ. Уг тооцооллоор “Credit Suisse” банк Оросын активын гуравны нэгийг битүүмжилсэн гэсэн үг. Үүний зөвхөн дөрөв орчим тэрбум нь Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хүмүүсийнх. Европын холбооны хоригт Швейцарь бас нэгдсэн. Үлдсэн 13.6 тэрбум нь АНУ зэрэг бусад орнуудын хориг арга хэмжээнд хамрагдсан этгээдийнх гэж үздэг. Тэдний дунд Оросын тэрбумтан Виктор Вексельберг бий. Тэрбээр Европын холбооны хоригт ороогүй ч, “Credit Suisse” банкны дансан дахь мөнгөө авч чадаагүй байна.     
Битүүмжилсэн активын өөр нэг хэсэг нь ОХУ-ын Төв банкных байж магадгүй. Сонинд бичсэнээр, Швейцарийн “UBS” банк 7.5 тэрбумыг битүүмжилжээ. Хоригт нэгдсэн орнуудад Оросын хэчнээн хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн тухай тодорхой мэдээлэл байхгүй. 2022 оны сүүлчээр Европын комисс 60 тэрбум еврогоос давна гэж мэдэгдсэн. Зарим шинжээчдийн таамгаар барууны орнуудад ОХУ-ын Төв банкны 300 тэрбум ам.доллар байгаа гэнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр Европын холбоо дээрх хөрөнгийн нэг хэсгийг олоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)