Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна

Admin | 2023-02-13


БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр буюу 13-нд  хээрийн эмнэлгийн байрлалд хүрэлцэн очиж үүрэг чиглэл өгч, Антакья хотын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага зохицуулалтын газар, мужийн Онцгой байдлын удирдлагын төв /AFAD/-ийнхэнтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Хулуси Акар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Яшар Гүлэр, Улсын Их Хурлын гишүүн Хасан Серт, Амасиа мужийн амбан захирагч Мустафа Максатлар нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын болон Монголын нийт ард иргэдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.

Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хүлээн авах асуудлаар УИХ-ын гишүүнтэй тохирч, машин техник болон зохицуулалтын асуудлыг шийдвэрлэлээ.

Түүнчлэн тус улсын Бандирма дахь Агаарын цэргийн 8 дугаар баазын ар тал, хангалтын бие бүрэлдэхүүнтэй уулзаж,  Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны ерөнхий консул Н.Хишгээ нартай утсаар холбогдон, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Харин цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.

Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)