"Досье": В.Путин хуягласан тусгай галт тэргээр явж байгаа

Admin | 2023-02-13


   "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн хоёр жилд онгоцоор нисэхээ багасгаж, ихэнхдээ галт тэргээр явдаг болсон. Хуягласан тусгай галт тэрэг ашигладаг” гэж “Досье” судалгааны төв мэдээлэв. Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газрартай ойр, В.Путины танил хүний эх сурвалжаас эш татан дээрх мэдээллийг нийтэлжээ. Тусгай галт тэрэг 2015 онд бүтээгдсэн байна. Гэвч В.Путин хуягт галт тэргийг 2021 оны хоёрдугаар хагасаас буюу Оросын цэрэг Украинд довтлохын өмнөх бэлтгэлийн үеэс эхэлж идэвхтэй ашиглаж эхэлжээ. “Галт тэрэг хэзээ, хэдэн цагт хөдлөхийг хэн ч мэдэхгүй. Дайн эхэлсний дараа хоёр, гуравдугаар сард В.Путин галт тэргийг ялангуяа Валдай дахь өргөөндөө очиход ихэвчлэн ашигладаг байсан” гэж “Досье”-д бичив. Тусгай галт тэргийн ч, уг галт тэрэгт сууж байгаа В.Путины ч гэрэл зураг нийтлэгдэж байгаагүй.    
 

   Оросын төрийн тэргүүний тусгай гал тэрэг гаднаас нь харахад бусдаас ямар ч ялгаагүй мэт харагддаг. Гэсэн хэдий ч зарим нэг онцлог ялгаатай аж. “Досье”-гийн судалгаанд В.Путины зорчдог байж магадгүй гэсэн галт тэргийн гэрэл зураг байгаа. Галт тэргийн хананд “Гранд Сервис Экспресс” компанийн логог дүрсэлжээ. Тус компанитай В.Путины найз Юрий Ковальчук холбоотой гэгддэг. “Галт тэргийн В.Путин суудаг вагоныг тусгай хуягаар хучсан бөгөөд маш хурдан зогзолтгүй явахын тулд түүний хуваарийг Кремлийн тэргүүнд тохируулж хийсэн. Хуягт галт тэрэгтт Ерөнхийлөгчид зориулсан унтлагын өрөө болон хурал хийх ажлын танхимтай. Мөн хамгаалалтын болон холбооны тусгай холбоогоор тоноглогдсон вагонтой” хэмээн судалгааны зохиогчид хэлсэн байна. Холбооны тусгай антеннууд нь энгийн галт тэргээс ялгаруулдаг. Түүнчлэн хуягт галт тэргийг нэг биш гурван зүтгүүр чирдэг аж.            
 

   “Sota” телеграм суваг өнгөрсөн даваа гарагт Москвад байдаг тусгай галт тэргийн буудлын тухай мэдээлэл олсон гэж зарласан. Уг буудлыг Украины дайн эхлэхээс өмнө “РемСтройСервис” компани засварласан байна. “Оросын төмөр зам” компанид харьяалагддаг үйлдвэрлэлийн бүсэд байдаг барилга 2010 оноос хойш хоосон байжээ. “РемСтройСервис” компанийн нийтэлсэн гэрэл зургуудаас харахад барилгыг маш сайн зассан нь харагдана. Хүлээн авалтын, VIP өрөө, хурлын танхим болон хамгаалалтын албаны байртай. “Sota”-д мэдээлснээр, тусгай буудал Ерөнхийлөгч болон Засгийн газрын галт тэргийн бусад зорчигчдод ч үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж магадгүй гэнэ.        

Telegram: Contact @sotaproject

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)