Турк болон Унгарт НАТО-г өргөжүүлэхэд саад учруулахгүй байхыг уриалав 

Admin | 2023-02-13


   Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Швед болон Финланд улсын Умард Атлантын цэргийн эвсэлд (НАТО) ороход саад болохгүй байхыг уриалсан байна. Скандинавын хоёр орны НАТО-д нэгдэх тухай өргөдлийг эвслийн гишүүн Турк болон Унгар одоо болтол батлаагүй. “А.Бербок энэ тухай даваа гарагт Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой уулзсаны дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн” гэж “Reuters” агентлаг мэдээлэв. “Германы Гадаад хэргийн сайд НАТО-гийн орнууд бүгдээрээ Финланд болон Шведийн эвсэлд гишүүнээр элсэх тухай өргөдлийг цаг алдалгүй батлахыг хүлээж байгаа гэдгийг онцолсон. А.Бербок дээрх хоёр улс эвсэлд нэгдвэл НАТО улам бүр хүчирхэгжинэ гэж үзэж байна” гэж “VOA” агентлаг уламжлав.       
Турк улс Финландын өргөдлийг баталсан. Харин Шведийн эрх баригчдаас тус улсад байгаа “Курдистаны ажилчны намд” хатуу хандахыг шаардсан. Турк улс уг байгууллагын үйл ажиллагааг хориглож, террорист бүлэглэл хэмээн зарласан. Анкара 2016 онд төрийн эргэлт хийхэд оролцсон гэж үздэг, одоо Шведэд байгаа бүлэглэлүүдийг Стокгольмын эрх баригчид буруушах ёстой хэмээн үздэг. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу довтолсны дараа Швед болон Финланд НАТО-д элсэх тухай шийдвэр гаргасан. Тус хоёр орны өргөдлийг Турк болон Унгараас бусад эвслийн гишүүн орнууд батлаад байгаа аж. НАТО-д элсэхийн тулд байгууллагын бүх гишүүн орнууд зөвшөөрсөн байх ёстой.    

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)