АНУ-ын инфляцын урьдчилсан таамаг болон Ази, Америк дахь газрын тосны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой өнгөрсөн баасан гарагт хоёр хувиар нэмэгдсэн нефтийн үнэ дэлхийн зах зээлд эргээд унаж байна гэж “Reuters” агентлаг уламжлав. “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ баррель тутамдаа 74 цент буюу 0.9 хувь, WTI загварынх 73 центээр тус тус доошилжээ. OANDA биржийн компанийн шинжээчид түүхий газрын тосны үнийн уналт эрчим хүчний худалдан авагчдын эрэлтийн таамаглал суларч болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж үзэж байна. АНУ-ын Холбооны нөөцийн системийн (FRS) зүгээс хоёрдугаар сарын 14-нд хийхээр төлөвлөж буй инфляцын тооцооллын хүрээнд мөнгөний бодлогыг чангатгах шаардлага үүссэнтэй холбоотой хөрөнгө оруулагчид газрын тос худалдаж авахаа багасгана. Инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөх нь эдийн засгийн идэвх болон газрын тосны эрэлтийг багасгаж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Жейхан дахь Туркийн терминалаар дамждаг Азербайжаны газрын тосны экспорт дахин сэргэсэн нь хар алтны нийлүүлэлтийг доголдуулж магадгүй гэсэн түгшүүрийг багасгасан гэж “CMC Markets”-ийн шинжээчид дүгнэжээ. Жейханы терминал өнгөрсөн долоо хоногт Турк болон Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн аж. Уг терминал нь Азербайжан болон Иракаас газрын тос нийлүүлдэг дамжуулах хоолойн гол агуулах болон ачих цэг юм.
ОХУ ирэх сард түүхий нефтийн олборлолтыг хоногт 500 мянган баррель хүртэл буюу таван хувь бууруулахаа мэдэгдсэний дараа үнэ өссөн. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОХУ өнгөрсөн оны аравдугаар сард олборлолтыг хоногт хоёр сая баррель хүртэл бууруулахаар тохирсон. Энэ нь дэлхийн нийт эрэлтийн хоёр хувьтай тэнцэнэ. Өмнөх долоо хоногт “Brent” 8.1, харин WTI 8.6 хувиар тус нэмэгдсэн. Үүнд газрын тосны хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-д 2022 оны арванхоёрдугаар сард ковид-19-ийн хөл хорио, хязгаарлалтыг цуцалсантай холбоотой эрэлт сэргэж магадгүй гэсэн өөдрөг үзэл нөлөөлсөн аж.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө