Цагаан сарын барилдаанд ХЭН түрүүлэх вэ?

Admin | 2023-02-14


  Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар"-ын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх ням гарагт эхэлнэ. Бөхийн барилдааны нэг, хоёрын даваа ням гарагт явагдах бол, түрүү бөх даваа гарагт буюу битүүний өдөр тодорно. Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог Цагаан сарын барилдааныг үзэгч түмэн тэсэн ядан хүлээж, бөхчүүд ч өндөр ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилтаа чамбайруулдаг. Ирэх зуны наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь Сар шинийн барилдаанаас харагддаг гэхэд болно. 

Сар шинийн барилдаанд даян аварга Намсрайжавын Батсуурь, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Гунаажавын Эрхэмбаяр, Оргихын Хангай, улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Цэдэвийн Содномдорж, Баярсайханы Орхонбаяр, Ренцэнбямбын Пүрэвдагва, улсын гарди Батнасангийн Гончигдамба, Мягмарын Бадарч, Ширбазарын Жаргалсайхан, Жанцангийн Бат-Эрдэнэ, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, Нэгдэлийн Жаргалбаяр, Цэдэнбазарын Одбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Дашзэвэгийн Баасандорж, Баттулгын Соронзонболд, Батзоригийн Батмөнх, Мөнхсайханы Өсөхбаяр, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Бердмуратын Серик нарын өндөр цолтой бөхчүүд барилдахаар болж байна. Тиймээс энэ жилийн сар шинийн барилдаан цар тахлын өмнөх үе шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй болох нь. Ч.Санжаадамба аваргын хувьд допингтой бөхчүүдтэй барилдахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлэн өнгөрсөн баяр наадмаар  барилдаагүй билээ.

Нэг үе аварга, арслан цолтой бөхчүүд барилдаандаа идэвхитэй оролцож, гал гарсан ширүүн өрсөлдөөн бөхийн өргөөнд хуран чуулсан үзэгчдийг шуугиулж байв. Гэтэл цар тахлаас хойш том цолтнууд Бөхийн өргөөндөө үзэгдэх нь ховордож, цагаан сар, наадмаар л сүрийг харагддаг болсон.Идэвхтэй барилдаж буй том цолтнуудаас хамгийн өндөр бэлтгэлжилт, барилдаантай байгаа нь даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Э.Оюунболд нар байна. Тиймээс тэд сар шинийн барилдааны  үзүүр, түрүүний бөхийн тааварт зүй ёсоор орно. О.Хангай аварга цол хүртсэнээсээ хойш хазайх нь багассан бол Б.Орхонбаяр арслан хонгодож дайрсаар Ерөнхийлөгчийн цомд түрүүлж, бяр цолоо бататгасан. Даян аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аварга, Э.Оюунболд арслан битүүний үдэш бөх сонирхогчдоо уран гоё барилдаанаараа гайхуулах магадлал өндөр. Мөн Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва арслан тэргүүтэй бөхчүүд зодоглох нь сар шинийн барилдааныг уламсонирхолтой, үзүүштэй болгох нь дамжиггүй.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар заан цолонд хүрсэн Б.Бат-Өлзий, Б.Серик, М.Лхагвагэрэл нар  заалны барилдаанууд тогтмол сайн барилдаж байгаа.  Тэд ч сар шинийн  бөхийн барилдааны таамагт дээгүүр бичигдэж байна. Ид үеийн гурван зааны аль нь ч түрүүлэх бүрэн чадамжтай. Түүнчлэн өнгөрсөн жилийн цагаан сарын барилдааны үзүүр бөх Б.Пүрэвсайхан заан сайн барилдах нь ойлгомжтой. Гарьд цолтнуудуудаас М.Бадарч тун сайн байгаа. 

Наадмаас хойших барилдаануудад сайн барилдаж буйулсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат гээд хэд хэдэн бөхчүүд бий. Өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал бөхийн тааврыг эвдэж түрүүлсэн. Энэ ч утгаараа аймаг цэргийн цолтнууд дундаас дахин цойлохыг үгүйсгэхгүй. Э.Мөнхжаргалаас гадна барилдаанаас барилдаанд сайжирч буй аймгийн арслангууд олон бий. 

Монголчууд бөхөд дуртай, хайртай ард түмэн. Хэдийгээр Үндэсний баяр наадам нь үндэсний бөхийн хамгийн том баяр ч бөхийн хорхойтнууд Цагаан сарын барилдааныг үзэх илүү дуртай. Учир нь улсын цол олгодоггүй тул шударга, найраагүй явагддаг. Бөхийн хорхойтнуудын толгойд “Энэ жилийн Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх бол?” гэсэн бодол л эргэлдэж байна.

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)